ДЭМБ-ын ЭРДЭМТЭД ШИНЭ КОРОНАВИРУСЫГ СУДЛАХААР УХАНЬ ХОТОД ОЧЖЭЭ

Дэлхийн мэдээ

10 эрдэмтдээс бүрдсэн ДЭМБ-ын баг цар тахлын гарал үүслийг тогтоохоор БНХАУ-ын Ухань хотод очлоо. Тус багийн хоёр гишүүн өнгөрсөн долоо хоногт Хятад улсыг зүглэсэн ч тэдний визэд шаардлагатай зөвшөөрөл олгоогүй байсан. Харин Бээжингээс үүн дээр мэдэгдэл хийн үл ойлголцол гарсан хэмээн судалгааны ажлын талаарх тохиролцоог хэлэлцэж байгаа гэсэн юм. КОВИД-19” анх Ухань хотод 2019 оны сүүлээр бүртгэгдсэн билээ. Гэвч вирусийн гарал үүслийн асуудал тодорхойгүй байгаа. Тус багийн гишүүн болох “Robert Koch Institute” судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Фабиан Леендерц хэлэхдээ “Энэ судалгааны зорилго бол буруутай улс эсвэл албан тушаалтыг олох явдал биш” гэсэн юм. ДЭМБ-ын мэргэжилтнүүд өнгөрсөн пүрэв гарагт (2021.01.14) Хятад улсад ирсэн. Багийн ахлагч Питер Бен Эмбарек нисэхийн өмнө “AFP” агентлагт “Яг юу болсон гэдгийг бүрэн ойлгоход удаан хугацаа шаардагдаж магадгүй. Энэ судалгааны үр дүнд тодорхой хариулт олно гэж бодохгүй байна” хэмээжээ. Тэд хоёр долоо хоногийн турш тусгаарлалтад байсны дараа Хятадын албан тушаалтнуудын бүрдүүлж өгсөн сорьц болон баримтыг ашиглан судалгаа хийх юм. БНХАУ өнгөрсөн хэдэн сарын турш Ухань хотод анх кластер тохиолдлууд бүртгэгдсэн боловч вирус тэндээс гаралтай гэсэн үг биш хэмээсээр ирсэн.