Хүүхэд, багачууддаа байгаль, ан амьтны талаар танилцуулах

Бусад

"Амьтдын мөрийг хараад таньж сурцгаая" цувралыг хүргэж байна. Өнөөдөр ДОРГО-ны мөртэй танилцъя. 

Эрийг гангис, эмийг мангис, үр төлийг ганьс хэмээнэ.

Дорго нь нохой зээхтэй төстэй ч биеэр бага манай орны ихэнх нутагт тархсан мах идэшт, үслэг амьтан. Биеийн урт 65-90 см, сүүл 15-20 см, жин 10-18 кг. Лагс түгдгэр биетэй, нүд жижиг, чих дугариг, хөл, хүзүү богино бүдүүн, үс урт сэгсгэр, ширүүн, нуруугаараа мөнгөлөг саарал сортой, нүдийг дайрсан хар судалтай, дух халзан цайвар саарал.

Дорго нь ихэвчлэн нарсан ойн гүнд нүхэнд амьдардаг. Гэхдээ тал хээрийн бүсийн дорго нь тарвага, зурамны голоод орхисон нүхийг өөд нь татаж амьдрах нь бий. Гэр бүлээр амьдрах бол нүх малтаж үүрээ бэлдэх бөгөөд олон жилийн турш үе улируулан хэрэглэдэг.  Жил ирэх тусам томсгож, байнга додомдож тордож байдаг. Хэдэн арван метр урт, олон давхар болох тохиолдол байх бөгөөд тэдгээр нь маш нарийн зохион байгуулалттай. Эмэгчин нь зулзагын хамт доод давхараа эзэгнэн амьдарч, эрэгчингээ хоол тэжээлгүй ирвэл гэртээ оруулахгүй байх тохиолдол элбэг. Зарим нь ганцаар, зарим нь 2-15-аар нийлж сүрэглэн амьдарна. Нилээд ууртай догшин авиртай, өөрийгөө болон үр зулзагаа эцсийг хүртэл хамгаалахаар тэмцэж чаддаг. Өөрөөс нь биеэр том чоно, баавгайтай хүртэл цуцахгүй тэмцдэг онцлогтой. 

Та хүүхэдтэйгээ доргоны талаар сонирхолтой баримтуудыг ярилцаж амьтдын ертөнцөөр аялуулаарай!