2020: ОХУ АВЛИГАЧДАД 31 ТЭРБУМ РУБЛИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ

Дэлхийн мэдээ

Х.ӨЛЗИЙ

ОХУ өнгөрсөн 2020 онд авлигын хэргээр шийтгүүлж байгаа албан тушаалтан хүмүүст нийтдээ 31 тэрбум рублийн торгууль ногдуулсан гэж Холбооны шүүх мэдээлсэн байна. Энд бас авлигачдад ногдуулах торгуулийн хэмжээ гурван жилийн хугацаанд гурван сая рублиэс таван сая болтол өссөн гэж онцолсон байна.Нэг жилийн хугацаанд 7500 орчим холбогдогчтой 16 мянга орчим хэргийг шүүн хэлэлцсэн юм байна. Энд хүчний байгууллагын өндөр албан тушаалтан, бүс нутгийн тэргүүнүүд хүртэл холбогджээ. Гэхдээ ихэнх нь авлига аваагүй, шударгаар хөдөлмөрлөж байгаа хэмээн зүтгэсэн талаар тухай бүр хэвлэлүүд мэдээлж байсан.
Эдний нэг нь Удмуртийн тэргүүн Александр Соловьев. Өөрийгөө буруугүй гэж хэчнээн зүтгээд ч нэмэр болсонгүй өнгөрөгч 2020 онд тэрбээр мөрдөн байцаагчдад хамаг нууцаа дэлгэж, бүр авлигад авсан мөнгөө хаана нууснаа ч зааж өгсөн юм. Тэр энэ “нэмэлт орлогоо” ногоо тарьдаг хүлэмжиндээ нууснаа зааж өгснөөр тэндээс 35 сая рубль гарч ирсэн байна. Түүнийг гүүр барих тендертэй холбоотой авлигын хэргээр 2017 оны дөрөвдүгээр сард саатуулсан юм. Тэр ажлын хөлсийг хойшлуулахгүй өгснийхөө төлөө 139 сая рублийн авлига авсны нь төлөө 2020 онд хөрөнгийг нь хурааж 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Пятигорск хотын дарга асан Лев Травнев тусгай хамгаалалттай газар худалда үйлчилгээний төв барих зөвшөөрөл олгосныхоо төлөө мөнгөн шагнал аваад бас шийтгэл хүлээсэн. Түүний энэ
үйлдлийн улмаас байгаль орчинд хэдэн арван сая рублийн хохирол учирсан юм.
Оросын хууль сахиулагчид ч бас өөрсдөө өнгөрсөн жил барцадтай байсан байна. ОХУ-ын Дотоод хэргийн яамны Мөрдөн байцаах газрын өндөр албаныхан мөн л авлигад холбогджээ. Мөрдөн байцаагч Александр Брянцев, мөрдөн байцаах газрын орлогч Александр Бирюков, Александр Краковский нарыг бизнесмэн Альберт Худояныг хорих байгууллагаас суллагдахад хууль бусаар тусалсан гэж саатуулсан. Мэдээж энэ хууль бус ажлыг үнэ төлбөргүй хийгээгүй нь ойлгомжтой.
Кулебаки хотын цагдаагийн дарга Александр Чиненковыг согтууруулах ундааны бизнес эрхэлж хувьдаа ойн зурвас, асар том усан сантай болсны нь шалгасны эцэст саатуулсан.
Хүчний байгууллагынхнаас хамгийн үнэтэй харш бүхий цагдаа бол ДЯЯ-ны дэд хурандаа Алексей Волков болж түүний сууц 70 саяар үнэлэгджээ. Дотроо алтан суултууртай гээд байгаа.
Шүүгчид ч өнгөрөгч онд авлигын хэргийг бас тойроогүй байна. Волгоградын Зержинскийн районы шүүхийн дарга асан Юлия Добрынина бол эдний нэг. Энэ шүүгч Сосновый борт дур мэдэн барилга барьсан хүмүүсийн хэргийг цайруулна гэж олон сая рублийн шагнал авсныхаа төлөө буруутан болсон. Интернет, олон нийтийн сүлжээнд түүний энэ “ажлынхаа” талаар ярьсан ярианы бичлэг тавигдаж дуулиан тавьсан юм. “Би асуудлыг шийднэ, аврах уу, үгүй юу гэдэг асуудлыг шийднэ. Хуулийн хүрээнд авч үзэх шаардлагагүй. Одоо би баримт бичгийг Волгоград мужийн захирагчид өгнө. Районы хэмжээнд шийдэхгүй. Амбан захирагч, цагдаагийн дарга, би байхад бүх зүйл болно” гэж тэр утсаар ярьсан байдаг. Харамсалтай нь түүний энэ төлөвлөгөө биелсэнгүй одоо тэр торны цаана сууж байна.
Москва мужийн Серпуховын районы тэргүүн Александр Шестун бас 2020 онд авлигын хэргийн төлөө шүүхээс ял авсан байна. Түүнийг их хэмжээний авлига авсан, залилан мэхэлж, мөнгө угаасан, гэмт хэргийн бүлэглэлд оролцсон хэмээн 15 жилийн ял оноож, 49 сая рублиэр торгосон байна.