Галт тэргийг өнгөрөөж байж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна

Нийгэм, Эдийн засаг

“Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино” гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан байдаг. Гэвч төмөр замын гарам дээр гарч байгаа нийт осол, зөрчлийн 98 хувь нь жолооч нар анхааруулах улаан гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч орсноос үүдэлтэй байна.

Тухайлбал, 2019 онд 141 иргэн гармаар анхаарал, болгоомжгүй гарч, галт тэргийг яаралтай тоормос хийлгэжээ. Мөн гармын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед 46 автомашин гарам руу орж, үүнээс 5 нь осолдсон байна.

Галт тэргийг холоос харахад их удаан явж байгаа юм шиг харагддаг учраас амжаад гарчихна гэж хүмүүс эндүүрч боддог. Гэвч галт тэрэг огцом тоормос авах маш хүндрэлтэй ба тоормос ажиллуулснаас хойш 1000 метр явж байгаад зогсдог. Тиймээс галт тэрэгний дуут дохиог иргэд жолооч нар анхаарч, болгоомжилбол осол эндэгдэл гарахгүй.

Иймд иргэд та бүхэн өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалж, төмөр замын үйл ажиллагааны тасралтгүй шинж чанарыг ойлгон хүндэтгэж, хэдхэн хором зогсож, галт тэргийг өнгөрөөж байж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. 

Та төмөр замын гармын өмнө ирээд ЗОГС! ХАР! СОНС! гэсэн гурван үйлдлийг заавал хийж байгаарай.

 

Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН