ТӨРД, ТӨСӨВТ МӨНГӨ ОЛЖ ӨГДӨГ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

2018 оны жилийн эцсийн статистикаар Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажилтантай, нийт ажиллагсдын 17.6 хувь буюу 220 гаруй мянган хүн албан бус секторт ажиллаж байжээ.

Covid-19-ийн цар тахлаас үүдсэн хөл хорионы хязгаарлалтууд чухамхүү эдгээр хүмүүст хамгийн гол эрсдэл болон бууж байна. Эдгээр аж ахуйн нэгж, иргэд аль болох төрөөс хамааралгүйгээр цэвэр өөрсдийн зүтгэлээр амиа болгоож, ар гэрээ тэжээж ирсэн байтал цар тахлын энэ үед хамгийн хамгаалалтгүй эмзэг хэсэг болон хувирлаа. Харин төртэй хамааралтай явж ирсэн бизнесүүд, төрөөс халамж хүртэгсэд одоогоор харьцангуй баталгаатай байна.

Үйл ажиллагаа нь зогссон жижиг компаниуд, хувиараа хөдөлмөр эрхлэн, орлогоороо амь зуугчдын хувьд өнөөдөр хүүхдийн мөнгө л амьжиргааных нь гол эх үүсвэр болжээ. Төрийн албан хаагчид болон 50-иас дээш ажилчинтай дунд болон том аж ахуйн нэгжүүд чадлынхаа хэрээр тэсэж байгаа ч ийм маягаар удаан тэсч чадахгүй гэдгээ хэлж эхэлж байна.

Засгийн газраас цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулан авч байгаа эдийн засаг, нийгмийн арга хэмжээнүүд иргэд болон аж ахуйн нэгжүүдийн амьдралд нэмэр болж байгаа боловч нэг нь өгөөд, нөгөө нь хүртээд байх хэлбэрээр удаан явахгүй хамтдаа унах магадлалтай.

Дэлхийн банк энэ 2021 оны дэлхийн эдийн засгийн төлвийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Уг тайлангаас харахад дэлхийн улс орнуудын хувьд хоёр аврал байгаа бөгөөд энэ нь нэгдүгээрт, Covid-19-ийн эсрэг вакцин, хоёрдугаарт, хөрөнгө оруулалт гэжээ. Цар тахлын эсрэг эхний шатны вакцинжуулалтыг энэ жилийн турш өргөн хүрээнд хийгдсэн нөхцөлд дэлхийн эдийн засаг 2021 онд 4 хувиар тэлэх боломжтой байна. Гэхдээ улс орнууд цар тахлыг хумих, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх дорвитой өөрчлөлтийг хийж чадсан нөхцөлд эдийн засаг сэргэнэ гэдгийг онцолжээ.

Халдвар авагчдын тоог барьж чадахгүй байх нь эдийн засгийн эрсдлийг нэмэгдүүлэх шууд хамааралтай байгаа ажээ. Дэлхийн банкны мэдээгээр цар тахал дэгдсэн 2020 онд дэлхийн эдийн засаг 4.3 хувиар агшсан байна. Тус банкнаас дэлхийн улс орнуудад өгсөн зөвлөмж нь Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхийг урьтал болголгүй, харин хөрөнгө оруулалтын өгөөжийг дахин эргэлтэд оруулах тааламжтай хөшүүргийг бий болгох замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад анхаарах шаардлагатай хэмээсэн нь Монголын эрх баригчдад хамгийн хамааралтай уншигдаж байна. Цар тахалтай холбоотойгоор сүүлийн саруудад хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ нэмэгдэж, өрийн цуврал хямрал бий болох магадлалтайг анхааруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт бизнесийн компаниуд, тэдгээрийн төлөөлөл болсон ТББ-ууд мэдэгдэл гаргаж, эрх баригчдад эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс гаргах хэд хэдэн санал хүргүүлжээ. Тухайлбал, МҮХАҮТ-ын мэдэгдэлд Засгийн газраас авсан цар тахлын эсрэг арга хэмжээнүүд оновчтой бус, тодорхойгүй байсныг дурдаад, бизнесүүд өрийн дарамтад нэрвэгдэж, цомхотгол хийхээс өөр аргагүй байдалд хүрч байгааг дурджээ. МҮХАҮТ-ын зүгээс дараахь зургаан саналыг Засгийн газарт тавьж байгаа ажээ. Үүнд,

-Үйл ажиллагаа нь бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх,

-Зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийн тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэх,

-Хилийн боомтуудын үйл ажиллагааг халдвар, хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулах,

-Үйл ажиллагаа нь зогссон үйлчилгээний салбаруудыг үл хөдлөх хөрөнгийн болон газрын татвараас чөлөөлөх,

-2021 оны төсвийг тодотгох, төсвийн үр ашиг багатай, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг танаж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах,

-Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах саналууд гаргасан.

Мөн Монголын Барилгын үндэсний ассоциац Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд цар тахлын нөхцөл үүссэн 2020 оны хоёрдугаар сараас хойш төрийн албан хаагчдад цалинг нь өгч байгаатай адил хувийн хэвшилд хөдөлмөр эрхлэгчдийг ялгаварлалгүй цалингийн сангаас цалин хуваарилж өгөх, хөл хорионы улмаас ажиллаагүй ажилчдын ажиллаагүй сул зогсолтын болон даатгалын нөхөн олговрыг НДШ-ийн ирээдүйн орлогыг барьцаалан, бонд босгох замаар хувийн хэвшилд олгох, Монголбанкны Бодлогын хүүг гурван хувьд хүргэн бууруулах, хадгаламжийн хүүг инфляцийн түвшин хүртэл буулгах, ингэснээр аж ахуйн нэгж, байгуулагуудын бизнесийн зээлийн хүүг буулгах, НӨАТ-ын хувийг таван хувь руу буулгах зэрэг санал гаргажээ.

Монгол Улсын төсвийн чамгүй хувийг хувийн хэвшлийнхний татвар, НДШ төлөлтөөр бүрдүүлсээр ирсэн. Бизнес эрхлэгчдийн удаа дараагийн эдгээр санал, мэдэгдлийг хүлээн авч, ухаалаг шийдвэр гаргахгүй бол төсөв бүрдүүлэгч нэг гол суваг болсон хувийн хэвшлийнхэн дампуурлаа зарлахад бэлэн баайна. Эртхэн сэргээж авахгүй бол эдийн засгийн нэг тулгуур нурж унахад ойрхон болжээ. Төр мөнгө бий болгодоггүй, мөнгийг бизнесийнхэн л бий болгодог.