Энэ нэр томъёо угаасаа буруу л даа. Боловсролын хэлтэст ийм орон тоо ч байгаагүй, тэгээд ч боловсон хүчин гэдэггүй боловсон хүчний эрхлэгч гэдэг юм хойно.
Нэг үгээр хэлбэл аймаг аймагт тушаалаараа бол боловсролын хэлтсийн мэргэжилтэн гэдэг албан тушаалтай нэг ийм хүн бүхий л аймагт байж, аймгийнхаа хэдэн сургууль, цэцэрлэгийг багшлах боловсон хүчнээр хангах ажлыг хариуцдаг байсныг хэлж байгаа нь тэр.
Өгүүлэх нь.
1982 онд би Улсын багшийн дээд сургууль дүүргээд, харихын мөрөөс болж явахад минь Дорноговь аймагт ажиллах сургууль төгссөн шинэ багш нар гэж вагон дүүрэн гангацуул явж байлаа. Гангацуул гэхийн учир нь торгон дээл, шинэ костюмын энгэрт дээд сургууль төгсөгчийн өлзий утсан ромбо гялалзуулсан залуус. 10 жилийн сургуульд ойролцоо байсан нь бие биенийгээ мэдэх ч огт танихгүй нэг хэсэг байх.
Энэ л хүмүүс ганцхан шижмээр л хөтлөгдөн Сайншанд орох гэж энэ галт тэргэнд ингэж шуугилдаж яваа нь энэ.
Жилийн жилд л их дээд сургуулиудын хаврын шалгалт эхлэх үеэр л аймаг аймгаас цүнх барьсан нэг албан хаагч нийслэлд нэлээд урт хугацааны томилолтоор ирж Боловсролын яам, МУИС, УБДС, Багшийн сургууль, Цэцэрлэгийн багшийн сургууль гэсэн хэдэн газрын босгыг элэгдтэл явдаг болно. Тэгээд ажлынхаа үр дүнг гаргаж, баахан ромботнуудыг элсүүлж аваад нэг хэсэг нь галт тэргээр, ихэнх нь онгоцоор нутгаадаа зорьж яваа нь энэ.
Ирэхдээ энэ хүн барьж яваа цүнхэндээ тухайн аймгаас, аль сумын ямар ямар хүүхэд энэ сургуулиудыг төгсч байгаа, ар гэр нь хэн, хаана аль суманд ажилтай зэрэг судалгаа, аль аль сургуульд юу юуны, ямар мэргэжлийн багш дутагдалтай гэсэн судалгаа, ийм ч багш олж өгөөч, тэр ч мэргэжлийн багш дутуу гэсэн сургуулийн захирлуудын хүсэлт албан бичиг тэвхийж байх...
Харин буцахдаа бол их дээд сургууль, багшийн сургууль төгсөгчдийн бэх нь бараг хатаагүй, будаг нь ханхалсан цоо шинэхэн дипломууд хийсэн цүнх нь түнтийчихсэн байдаг байсандаа.
Цүнхэн дэх албан бичиг, судалгаа шингэрч, диплом түнтийх хоёрын хооронд бол энэ хүн ёстой гутлаа элэгдтэл гүйж, юм юм хийнэ дээ. Өнөө л сургууль сургуулиар гаргасан судалгаагаа бариад өмнө дурдсан гурав дөрвөн сургуулийн сургалтын ажилтнууд, факультет салбаруудаар орж танилцуулж, өнөөх нэр бүхий оюутан бүртэй нэг бүрчлэн уулзана, нутагтаа очиж ажиллахыг ятгана.
Манай аймгийн ийм мэргэжилтэн нь З.Данзандорж гэж 1950-иад оны ахмад багш нэгэн байлаа. Мөн ч олон жил энэ ажлыг эрхэлж, хэдэн арван багшийг аймагтаа аваачиж, сургууль сургуульд хуваарилж байсан энэ хүнийг Дорноговийн багш нар төдийгүй багш бэлтгэдэг хэдэн сургуулийн ректор захирал, факультетийн деканууд андахгүй дээ...
Нутгаасаа суралцаж төгсөсн багш нарыг аваачих ч бас гайгүй, аав ээжийг нь бараг бүгдийг нь танина, тэртэй тэргүй тэр цагт хаанаас сургуульд элссэн тийш нь хуваарилчихдаг байсан юм чинь....
Гэхдээ л бас хэцүү, өөр аймгийн хүнтэй гэр бүл болчихсон нэгнийг алдчих эрсдэл бий.... Манай аймгийн Данзандорж гуай гэхэд л төмөр замын Л.Туяа гэдэг багшийг гэхэд л 1982 онд Дэлгэрбат гээд нөхрийг нь дагуулаад Өмнөговь руу алдчихаж байсан удаатай. Гэхдээ сайн панаалдаад нөхөртэй нь нутагтаа аваад оччих тохиолдол бас бий. Орос хэлний багш Г.Маяаг Баянхонгор луу алдчихалгүй зургийн багш Ц.Ганбаатарыг нутагтаа авааччих жишээний гүйлгээ бас байна аа. Энэ бол тухайн мэргэжилтний л авьяас. Ийм аваа өгөө аль ч аймагт тохиолдоно оо.
Ер нь өөр аймаг хотын харьяат төгсөгчдийг урвуулан аймагтаа аваачих гэдэг жинхэнэ ухуулагч, өнөөгийнхөөр бол сайн менежерийн ажил. Ийм оюутнуудтай нэг бүрчлэн уулзана, аймаг орон нутгаа магтана, заримыг нь аймгийн төвд ойр суманд, аймгийн төвд суулгана гэж амлана. Элдэв хоёроор хэлж байж өнөө л сургуулиудын захирлуудын нэхэж үглээд байдаг, Боловсролын хэлтсийн даргын “заавал” гэсэн захиас, мэргэжлийн багш нарыг нь олж уруу татан аймагтаа аваачихаар болж дипломыг нь цүнхэлнэ дээ....
Хол ойроос аймаг хошуу дамжиж очиж байгаа нь бүү хэл аймаг орон нутагтаа очиж байгаа нь ч Дээд сургууль төгссөн дипломынхоо барааг хэдэн жилдээ харахгүй шүү дээ...Өнөө л мэргэжилтний төмөр сейфинд л хадгалаастай байдаг байдаг хэрэг. Дипломыг нь өгчихвөл яваад өгч магадгүй гэж хардаж байгаа ухаантай.
Ингээд дагуулж очсон хэдэн багш нараа онгоц, галт тэрэгнээс буулгаж тусгайлан бэлтгэсэн унаагаар аймгийнхаа гайгүй гэсэн зочид буудалд хүргэн нягтлан бодогч, аж ахуй нарт хүлээлгэн өгч хоолонд оруулж, өөр аймаг хотоос очиж байгааг нь буудалд оруулснаар өнөөх мэргэжилтэн нэг амсхийнэ.
Маргааш өглөө нь өнөөх ганган шинэ багш нар хаана, аль сумын сургуульд хуваарилагдахаа сонсох гэж аймгийн Захиргаа, болоовсролын хэлтсийн байшинд нэг цуваа болон жагсахад Боловсролын цэрэг элсүүлэгчийн ажил дахиад л ундарна даа. Авчирсан багш нараа Боловсролын хэлтсийн даргад нэг бүрчлэн танилцуулна, хаана аль сургуульд тухайн мэргэжлийн багш дутагдалтай байгааг дурдана, алинд нь хуваарилж болох саналаа хэлнэ.
Ингэж хэдэн хүнээ сургууль сургуульд хуваарилж, зарим захирлыг баярлуулж, заримаас нь гомдлын үг сонсоод энэ хүний ажил нэг хэсэг намдаж байгаа юм шиг боловч хичээлийн шинэ жилийн бэлтгэл энэ тэр гэсээр наймдугаар сарын сүүлчээр багш нарын бага хурал гэж 500 шахам хүнийг цуглуулсан том ажилтай золгоно.
Боловсролын хэлтсийн мэргэжилтэн гэж, багш нарыг элсүүлэгч ийм нэг, тэр л цагийн жишгээр эрхэлсэн ажилдаа мэргэшсэн, ар гэр хүүхэд багацуулаа хүмүүжүүлж өсгөх ажлаа гэргийдээ даатгачихсан нэг их хичээл зүтгэлтэй хүн мэргэжилтэн аймгийнхаа хорин хэдэн сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн багштай байлгаж, аймгийн хүүхэд багачуулыг мэдлэг боловсролтой болгох ажлын эх суурийг тавьж явж дээ.
1990-ээд онд Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж 1992 онд баталсан шинэ үндсэн хуулиар иргэдийг хаана амьдрахаа өөрөө шийднэ гэснээр энэ мэргэжилтний ажил үүрэг багассан юм болов уу.
Өөрт хамгийн ойроор нь багшийн тухай дурдснаас биш аймаг аймагт л хүний нөөцийн ийм чадварлаг менежер салбар бүрт л байж, хаврын хаварт их дээд сургууль төгсөгчдөөс гайгүй сайн эмч багш, инженер, хөдөө аж ахуйн мэргэжилтэн авчих гээд нийслэлд өчнөөн хоногоор саатаж ажилладаг байсан даа.
2 Сэтгэгдэл
brand lipitor 10mg <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg sale</a> lipitor 20mg pills
order cialis 5mg pill <a href="https://ordergnonline.com/">cost cialis 40mg</a> otc ed pills that work