Уурхайн ажилчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлууллаа

Нийгэм, Эдийн засаг

Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд халдвар голомтлон гарч, өдөрт 30-40 хүн шинээр халдвар авч байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд ажиллаж байсан зарим шинжилгээний цэгийг хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны нэгдүгээр сарын 8-ны 06:00 цагаас зохион байгуулж эхлээд байна.

Энэ хүрээнд явуулын 46 баг голомтот хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллаж байгаа юм. Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулах ба үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрд нэг шинжилгээний цэг ажиллуулж эхэлсэн.

Иймд ажилчдын шинжилгээ авах цэгүүдийг ойрын өдрүүдэд ажиллуулах хүчин чадал хүрэлцээгүй болж байгаа болон үүсээд байгаа нөхцөлийг харгалзан цар тахлын халдварын тархалтын эхний үе шатыг өнгөртөл уурхайн ажилчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. 

 

ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ