ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ АХМАДУУД ТАВДУГААР САРЫН 1-НЭЭС НЭГ САЯ ТӨГРӨГ АВНА

Нийгэм, Эдийн засаг

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Улсын Их Хурал баталсан. Энэ хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210 мянган иргэнд тус бүр 1 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-нээс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ. Түүнчлэн тус компани Овоот хярын ордын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр эзэмшиж, хайгуул хийснээр алтны нөөцийг 53.1 тонноор нэмсэн байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт ; Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм.

Хуулийг баталснаас хойш “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлжээ. Үүнд 6 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг хамруулжээ.

Тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас 5 жилийн хугацаатай, 725 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанканд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Хуулийн хэрэгжилтийг 2021 оны хаврын ээлжит чуулганд танилцуулах болсон байна.