М.Амарбаяр: 600 гаруй мянган хүний ногдол ашгийг өгөхөд бэлэн болсон

Улс төр

Эрдэнэс таван толгойн 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ, хэрхэн олгох талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрдэнэс Таван толгой" компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр "Иргэдийн хамгийн их сонирхож байгаа зүйл нь тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг өгөх үү гэдэг асуулт. Тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг өгөх ажлыг зохион байгуулж эхэл гэсэн ТУЗ-ийн тогтоол байгаа.  Түүнээс биш тавдугаар сарын 1-нд ногдол ашгийг бүх хүний дансанд шилжүүл гэдэг шийдвэрийг "Эрдэнэс Таван толгой" компаниас гаргаагүй. Гэхдээ аль болох хурдан хугацаанд шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Хувьцааны дансаа нээлгэсэн, банкны данстайгаа холбосон зөрчилгүй иргэдийн ногдол ашигт өгөх мөнгийг өнгөрсөн долоо хоногт Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид шилжүүлсэн. 

Гэхдээ иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өөрсдөө хариуцлагатай хандмаар байна. Хувьцааны ногдол ашиг өгөхөөр жил гаруйн хугацаанд ярьсан. Шийдвэр гарснаас хойш 3-4 сар өнгөрлөө. Одоогийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэчихсэн. Үүнээс 425 орчим мянган иргэн  банкны дансаа холбосон. Энэ хүмүүст ногдол ашгийг өнөөдөр ч шилжүүлэхэд бэлэн. Мөн банкны данстайгаа холбосон ч зарим нэг мэдээлэл нь ирээгүй байгаа гэх 193 мянган хүн байна. Нийтдээ 600 гаруй мянган хүний ногдол ашгийг өгөхөд бэлэн болсон байгаа.  

2.5 сая хүний бүртгэлийг хянаж, цэгцлэх ажил амаргүй. Зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" компани биш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн маш их ажил хийж байгаа. Ногдол ашиг яагаад орохгүй байна гээд асуугаад байна. Бид банкны дансаа холбоогүй иргэдийг данстай байна уу гэдгийг тулгаж, судалж байгаа. Гэх мэтээр маш их ажилтай байгаа учраас удаашралтай байна. Гэхдээ бид сая орчим иргэний ногдол ашгийг өгөх гээд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлсэн байгаа" хэмээлээ.