Дундаж цалинг нэмэгдүүлэх АН-ын мөрийн хөтөлбөрийг хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ

Улс төр

Үндэсний аудитын газраас Ардчилсан Намын мөрийн хөтөлбөрийг хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ.

АН-ын нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “АН-аас дэвшүүлж буй “Өрхийг дэмжих өсөлтийн бодлого” мөрийн хөтөлбөрт Монгол Улсын салбар бүрд шинэчлэл хийх, хөгжил дэвшлийг авчрах, нийслэлийг хөгжүүлэх, гэр хороололд дэд бүтэц татах, дагуул хот бий болгох, орон нутагт хөгжил дэвшил авчрах, чинээлэг малчин хөтөлбөр, ажлын байр нэмэгдүүлэх, дундаж орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон заалтууд орсон. Эдгээр заалт Монгол Улсын хуулийг огт зөрчөөгүй байна гэж дүгнэлээ” хэмээн аудитын дүгнэлтийг гардах үеэрээ хэлсэн юм.

Энэ сарын 6-ны өдөр 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөртөө аудитын дүгнэлт хийлгэсэн нам, эсвлүүдийн дийлэнх нь хуулийн шаардлагад нийцээгүй мөрийн хөтөлбөр боловсруулсныг Үндэсний аудитын газраас мэдээлсэн.

Хуулийн шаардлагад нийцээгүй мөрийн хөтөлбөртэй намын тоонд АН багтсан бөгөөд тав хоногийн дотор зөрчлийг арилгах дүгнэлтийг хүлээж аваад байсан юм.

АН мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа дундаж орлогыг 3 сая төгрөгт хүргэх зорилгыг мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа талаар ярьж байв. Ямартай ч эхний удаад “муу” авсан АН-ын мөрийн хөтөлбөр хоёр дахь удаад хуулийн шаардлагаа хангажээ.

2020 оны парламентын сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдрөөс эхлэн сонгуульд оролцох хүсэлтээ өгч эхэлсэн. Хуваарийн дагуу АН маргааш хүсэлт, бичиг баримтаа Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэх юм.