Коронавирус бэлгийн замаар халдварлах магадлалтайг Хятадын эрдэмтдийн судалгаа харуулжээ

Эрэн сурвалжлах

Хятадын хэсэг эрдэмтэд Covid-19 өвчтэй эрчүүдийн цөөн хэсгийнх нь үрийн шингэнд коронавирус агуулагдаж байгааг илрүүлжээ.

Ингэснээр коронавирус нь бэлгийн замаар халдварладаг байж магадгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрсэн байна.

Хятадын Хэнань мужийн Шаньчю хотын эмнэлгийн судлаачид Covid-19 өвчтэй 38 эрэгтэйн үрийн шингэнийг шинжлээд зургаад нь коронавирус агуулагдаж байгааг тогтоожээ.

Олон улсын эрдэмтдийн сүлжээ болох JAMA Network Open онлайн сэтгүүлд нийтлэгдсэн тайланд “Covid-19 өвчнийг үүсгэгч вирус хүний өтгөн, шээс, шүлснээс илэрч байсан. Харин эрэгтэй хүний үрийн шингэнээс илэрсэн тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй юм” гэж бичсэн байна.

Судалгаа нь хязгаарлагдмал хүрээнд хийгдсэн тул эцсийн дүгнэлт гаргах боломжгүй, цааш гүнзгийрүүлэх ёстойг бас бичжээ.

Энэ талаар бусад эрдэмтэд байр сууриа илэрхийлж эхэлсэн байна. Тухайлбал Британийн Шеффилд их сургуулийн андрологийн профессор Аллан Пэси хэдийгээр олон эрэгтэй өвчтөний үрийн шингэнээс коронавирус илрэх магадлалтай ч энэ нь халдвар бэлгийн замаар дамждаг гэсэн баталгаа болохгүйг хэлсэн юм.

“Зарим эрчүүдийн үрийн шингэнээс коронавирус илрэхэд гайхах зүйлгүй. Эбола, Зика зэрэг бусад вирус ч өмнө нь илэрч байсан юм” гэж тэр ярьжээ.

Ямартай ч судалгааг цааш гүнзгийрүүлж, коронавирус бэлгийн замаар дамждаг эсэхийг эцэслэн тогтоох ёстой гэдэг дээр эрдэмтэд санал нийлж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post