Гурван ирвэс коронавирусний халдвар авчээ

Дэлхийн мэдээ

АНУ-ын Луисвилл хотын амьтны хүрээлэнгийн гурван ирвэс коронавирусний халдвар авчээ. Ингэснээр эдгээр амьтан КОВИД-19 р авсан зургаа дахь төрөл, зүйл болж байна.

Хоёр эр, нэг эм ирвэс халдвар аваад байгаа бөгөөд хамгийн түрүүнд эм ирвэсний халдвар батлагдсан байна. Ирвэснүүд хөнгөн хэлбэрээр өвчилсөн бөгөөд амьсгал давчдах, хуурай ханиалгах шинж тэмдэг илэрчээ.

Ирвэснүүд амьтны хүрээлэнгийн шинж тэмдэггүй халдвар авсан ажилтнуудаас халдварласан байж болзошгүй гэж АНУ-ын Амьтан, ургамлын эрүүл мэндийн хяналтын алба үзэж байна.

КОВИД-19 анх хүнээс хүнд дамжсан тул амьтнаас хүнд халдварлах эрсдэл бага гэнэ. 
Ирвэснүүдээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард Бронксын амьтны хүрээлэнгийн Малайн эрээн бар анх халдвар авч байсан бол мөн сарын сүүлээр дөрвөн бар, Африкийн гурван заанд мөн вирус илэрч байжээ. Түүнчлэн, цөөн тооны нохой, муураас халдвар илэрч байсан бол халдварын улмаас олон сая тооны усны булгыг устгалд оруулсан билээ.