Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ТОМИЛГОО ЯРИХААР ХУЖИРЛАСАН МАЛ ШИГ ШАВЦГААНА
УИХ-ын чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.
Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй.
Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.
Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой.
1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажиллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Хоёр хөршдөө ач холбогдол өгөх ёстой. Хойш хөршид суугаа Д.Даваа генерал маш сайн ажиллаж байгаа. Т.Бадрал генералыг урд хөрш рүү томилох нь Монгол төрийн зөв томилгоо болно. Н.Эрдэнэтуяагийн хувьд мэргэжлийн сайн дипломат. Хамгийн олон монгол иргэн БНСУ-д ажиллаж байгаа. Цаашдаа бид хаана олон иргэн байна тэр хэрээр анхаарал хандуулах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Хоёр нэр дэвшигчийг дэмжиж байна. Бидний ажлын арга барилын доголдлын талаар яръя. Намар, хаврын чуулган дуусах төгсгөлд дандаа Элчин сайд нарын томилгоог оруулж ирдэг. Сонгууль дөхөж чуулган завсарлахын өмнө баахан томилгоонууд оруулж ирлээ. Монголбанк, ХЭҮК гээд энэ бүх томилгоонд гишүүдийн дуртай байгаа нь жигтэйхэн. Бүгд асуулт асууж, хэтэрхий мэргэн жараахай шиг баахан захицгаадаг. Олон хууль хэлэлцэгдээгүй хүлээгдэж байхад хэдэн албан тушаалтны томилгоог оруулж ирэх юм бэ. Чухал хуулиуд ард нь үлдээд байна. Хэдхэн хүн хуулиуд бөөс, хуурсыг нь түүж ажиллаж байхад албан тушаалын томилгоо болохоор бүгд шаваад ороод ирдэг. Хууль дээр хэдэн хүн сууж, томилгоо дээр хужирласан мал шиг шавцгаана. Томилгоог цагийг нь тулгаж оруулж ирдгээ болих хэрэгтэй. Цаашид анхаараарай.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
Хоёр нэр дэвшигчийг дэмжиж байна. Т.Бадрал генерал хувьд ОБЕГ-ыг толгойлж ажиллахдаа юу хийж, ямар хүчин чадалтай болгов гэдэг нь бүх хүний нүдний өмнө илт байгаа, маш сайн ажилласан. Тиймээс хоёр орны харилцаа дээр ч гэсэн энэ эрч хүч нь харагдах байх аа.
БНХАУ-ын Элчин сайдаар очоод Эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой Нарансэвжидийн боомтыг сэргээх тал дээр санаачилгатай ажиллаарай.
УИХ–ын дарга Г.Занданшатар:
Дараагийн Элчин сайд нарыг томилох тухайд олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Халдвараас шалтгаалж хөл хорио, нислэг, итгэмжлэх жуух бичгээ барихаас эхлээд түвэгтэй асуудлууд гарч байгаа. Тийм учраас ҮАБЗ дээр ярьж байгаад эхний ээлжид зайлшгүй томилох шаардлагатай БНХАУ, БНСУ-д томилох Элчин сайд нарыг оруулж ирсэн. Энэ хоёр хүн хоёулаа нам бус төрийн жинхэнэ албан хаагчид. Т.Бадрал генерал цар тахлын үед БНХАУ-д айлчилсан Ерөнхийлөгчийн айлчлалд хамт явсан. Тиймээс хоёр хөршдөө генерал хүмүүсийг томилж байгаа нь санамсаргүй томилгоо биш ээ.
Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ.
1 Сэтгэгдэл
cheap cialis generic <a href="https://ordergnonline.com/">cialis 5mg tablet</a> best ed drug