Г.Занданшатар: Оюун санааны хувьсал, соён гэгээрэл ус агаар мэт хэрэгтэй

Улс төр

“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киноны нээлт өнөөдөр /2020.05.06/  боллоо. Уг киноны нээлтэд урилгаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар болон Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх нар оролцсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон нийтийн баярын өдөр болгох хуулийг УИХ баталсан. Энэ өдөр баяр цэнгэл гэхээсээ илүү нийтээрээ буян номонд шамдан, мод тарьж,  ядарч зовсон нэгэндээ тусаа хүргэдэг , сайн сайхныг хийдэг өдөр байгаасай гэж хүсэж байна гэлээ.  Мөн оюун санааны хувьсал, соён гэгээрэл, энэрэл нигүүсэл ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ нийгэмд уг хууль болон энэхүү кино үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна хэмээлээ.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц хэлсэн үгэндээ дэлхийн олон оронд гарч буй уг киног албан ёсны эрхтэйгээр эх орондоо гаргахад туслаж, дэмжлэг үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх, МҮОНТ-ийн хамт олон болон бүхий л хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж, нийгмийн соён гэгээрлийн тусын тулд хийж буй ажил гэдгийг онцоллоо. Мөн “Бурхан багш” олон ангит кино нь Энэтхэг, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулагдан олны хүртээл болж байгааг БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх тодотголоо.

 

“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны кино 2020 оны 5-р сарын 8-ны өдрөөс эхлэн МҮОНТ-ийн 1-р сувгаар гарах юм.