Б.Лхагвасүрэн: Хадгаламжийн хүүг ТЭГЛЭХГҮЙ, ЦАРЦААХГҮЙ

Улс төр

Зээлийн төлбөрийг хойшлуулахаас гадна хүүг хэсэг хугацаанд тэглэхийн тулд хадгаламжийн хүүг хэсэг хугацаанд тэглэх, царцаах  ёстой гэсэн санал талуудаас гарч байгаа. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уг асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Зээл болон хадгаламжийн аль аль нь харилцагч, банк хоорондын  гэрээний зохицуулалттай. Монголбанкны байр суурь бол хатуу байгаа. Хадгаламжийн хүүг тэглэхгүй, царцаахгүй,  тийм зүйл байж болохгүй гэв. Монгол Улсын санхүүгийн салбарын 90 хувь нь банкны сектор дээр тогтдог. Банкны салбарт тогтворгүй байдал үүсэх нь эдийн засагт хүндрэл үүсгэнэ.

Банкны салбар харилцах хадгаламжаар 21 их наяд төгрөг татсаны 17 их наядыг нь эдийн засагт зээл хэлбэрээр нийлүүлээд байна. Нийт хадгаламжийн 44 хувь нь 100 сая төгрөг хүртэлх дүнтэй хадгаламж байна. Нэг ёсондоо 44 хувь нь дундаж давхаргын хуримтлал байна гэдгийг хаа хаанаа санах хэрэгтэйг тэрбээр онцоллоо.

Банкны салбаргүй бол эдийн засгаа эргээд яаж дэмжих вэ, ямар орон зай үлдэх вэ гэдгийг бодох ёстой. Эх үүсвэрийн хүүг тэглэхээс гадна өөр арга замуудыг бид санал болгож байгаа,  өөр боломжууд бий  гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.