Банкууд 6 их наяд төгрөгөө эргэлтэд оруулж зээлийн хүүгээ буулгах уу

Улс төр

 Сүүлийн үед  банкны хадгаламжийн хүүг тэглэж улмаар зээлийн хүүг эрс буулгах саналууд гарч байгаа. Хэрэв энэ асуудлыг шийдэж чадвал  иргэд, аж ахуйн нэгжүүдэд  маш зөв шиыдвэр болох юм. Гэвч  улстөрийн шийдвэр нь гарахгүй бол дээрх санал дэмжигдэхгүй. Энэ шийдвэрийг  өндөр хадгаламжтай УИХ-ын гишүүд, том дарга нар гаргах ёстой. Гэхдээ тэд хувийн халаасаа бодох уу,  иргэдээ, эдийн засгаа бодож шийдвэр гаргах уу гэдэг ацан шалаанд орсон гэж хэлхэд хилсдэхгүй л байх.

Монголбанк бодлогын хүүгээ хоёр хувиар буулгаж зургаан хувь болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг эдийн засагчид, аж ахуйн нэгжүүд, иргэд таашааж байна. Учир нь  Монголбанкны  Бодлогын хүү гэдэг нь арилжааны банкуудын сул чөлөөтэй эх үүсвэрт төв банкнаас төлж буй хүүгийн түвшин юм. Өнөөдөр энэхүү мөнгөний дүн  зургаан их наяд төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл манай улсын төсвийн 50 хувьтай тэнцэж байгаа юм.

 

Тэгэхээр бодлогын хүү хоёр хувиар буурна гэдэг нь жилийн дүнгээрээ 120 тэрбум төгрөгийн  хүүгийн бууралт болох  юм. Нэг ёсондоо арилжааны банкууд энэ хэмжээний мөнгийг Төвбанкнаас хүүгийн ашиг хэмээн авч чадахаа больсон гэсэн үг.  Тэгэхээр одоо банкууд маань 120 тэрбум төгрөгөө нөхөж олохын тулд толгойгоо ажиллуулж, өрсөлдөж эхлэх цаг иржээ. Өөрөөр хэлбэл тэд зургаан их наяд төгрөгөө   Монголбанкинд хадгалуулах биш харин зарим хэсгийг нь зах зээлд эргэлдүүлж хүүгийн нэмэлт орлого олох зайлшгүй шаардлагатай болсон гэсэн үг. Ийм учраас  банкууд сайн зээлдэгчдийн хойноос хөөцөлдөнө. Зээлийн хүүгээ бууруулж байж өрсөлдөөнд ялна гэсэн үг. Үүний үр дүнд иргэд, аж ахуйн нэгжүүд хожно.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Одоо Засгийн газраас авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээгээ ажил хэрэг болгох ёстой. Монголбанк Бодлогын хүүгээ бууруулчихсан байгаа. Зээлийн хүү буурах байх гэсэн хүлээлтэй байна.  Бид банкны эздийг ямар урт гартай, ямар том толгойтой, ямар даам гарсан нөхдүүд гэдгийг сайн мэднэ.  Хэзээ байхдаа Монголбанкны өгсөн үүрэг чиглэлээр хүү буурч байсан юм бэ. Буурчих байсан бол өчнөөн жил болоход хүү буураад хамгийн хүү багатай улс орон болчихсон байх байсан. Ийм боломж, ийм цаг хугацаа бүрэн байсан. Монголын төр эзэнтэй л юм бол одоо жаахан захиргаадалтын арга хэмжээ авахгүй юм уу. Төрийн төмөр нүүр гэдэг шиг арга хэмжээ авмаар байна. Банкуудыг  хүнд үед нь  Монголын төр зөндөө тусалж байсан. Хэдэн зуун тэрбум төгрөгөө гаргаад,  эрсдлийг нь өөр дээрээ авч байсан. Хадгаламж эзэмшигчдийнх нь эрсдлийг нуруундаа авч байсан. Одоо банкууд иргэдээ  бодох цаг нь зайлшгүй болсон байна. Ер нь зээлийн хүү буурах уу, үндсэн зээлийн хүүг зогсох уу зэрэг асуудлыг маш ойлгомжтой иргэддээ хэлмээр байна. Хүчтэйн өмнө хүчгүй нь буруутай гэдэг шиг юм болж байна шүү. Өнөөдөр 1.8 сая зээлдэгч буюу ипотекийн, тэтгэвэрийн, цалингийн, бизнесийн зээлтэй хүмүүсийн зээлийн хүү нь яаж зогсох юм бэ, Үндсэн зээл нь яах юм бэ. Өнгөрсөн хавар зээлтэй иргэд хаширсан. Зээлийн хүүг хойшлуулсан нэртэй боловч үндсэн зээлийг нь түр хойшлуулаад зээлийн хүүг нь төлүүлээд явж байсан тохиолдол байгаа. 700.000 төгрөгийн зээл төлж байсан хүн 400.000 төгрөгийн зээлийн хүү төлөөд, 300.000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр түр царцсан. Тийм учраас Монголбанк банкуудаа дуудаж ирээд бүгдийг нь үүрэгжүүл.   Ингэж байж авах гэж байгаа арга хэмжээ эзэндээ очино. Байгаа ононо. Ийм үр дүнг хүсч байна  хэмээсэн билээ. Ийнхүү банкууд зээлийн хүүгээ хэзээ, хэдэн хувиар буулгах нь цаг хугацааны асуудал боллоо.