Ө.Шижир: Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлбэл 900 тэрбум төгрөг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ

Улс төр

 

-Нийт иргэдийн 72 хувь нь банкны хадгаламжгүй буюу хуримтлалгүй байна-

 

Засгийн газар Ерөнхийлөгчийн өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг дэмжээгүй. Хэрэв Засгийн газар дэмжихгүй бол хэлэлцээрийн ширээний ард сууна хэмээн Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Ө.Шижир мэдээлсэн. Мөн тэрбээр өрх бүрт яагаад нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх ёстой вэ гэдэгт тайлбар хийсэн. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны тайланд Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийт 97,248 аж ахуйн нэг бүртгэлтэй байдгаас худалдааны салбарын аж ахуйн нэгж 94,425, жижиглэн худалдаа эрхэлдэг 12,632, машин мотоцикл, түлш шатахууны худалдаа эрхэлдэг 1588, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1270, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг 905, ресторан 335, кафе 153, гуанз 288 (бүртгэлгүй хэд байгаа нь тодорхойгүй), бар, цэнгээний газар 118 байгаа нь нийт ажил эрхлэгчдийн 53.1% - тай тэнцэж байна. Монгол Улсын нийт өрх 897,427 бөгөөд хүүхэдтэй өрх 531,000, хүүхэдгүй өрх 366,430, өрх толгойлсон эх 34,245, ядууралд нэрвэгдсэн 904,000 иргэн байна. Мөн өдрийн орлогоороо өрхийн амьдралаа авч явдаг 180,000 иргэн байна. Үсчин, машин засвар, машин угаалга, хувиараа таксиний үйлчилгээ эрхлэгч, томоохон зах болон бөөний төвүүдэд гар дээрээс худалдаа хийдэг наймаачид, оёдолчид, тэрэг түрдэг иргэд г.м. Нийгмийн даатгал төлдөггүй, төрийн халамж, хүнсний талон хүүхдийн мөнгөнөөс хол эдгээр иргэдээ яах вэ? Монгол Улс зээлийн хүүгийн түвшнээрээ дэлхийд эхний 10-т орсон, арилжааны банкны зээлийн дундаж хүү 17%, ХЗХ-ны зээлийн хүү 34.8%, ББСБ-ын зээлийн хүү 37.2%, ломбард 42% байна. 263,900 иргэн ББСБ-аас, гар дээрээс худалдаа эрхлэгчдийн 57.7% мөнгө хүүлэгчдээс ямар нэгэн зээлтэй байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 62,263 аж ахуйн нэгжид 800 мянга орчим хүмүүс ажиллаж байна. Одоогийн байдлаар 1579 ААН-үүд 238 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт илгээсний 1400 орчим буюу 89% нь 300 хүртэл сая төгрөг хүссэн бичил бизнес эрхлэгчид байна. Энэ тахлын үед ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт 40% буурч, ажилчдынхаа 10%-ийг халж, 10%-ийг түр чөлөөлсөн байна. Энэ тоо цаашид өсвөл яах вэ? Энэ бүхний ард өрхийн ахуй амьдрал, өрхийн амьжиргааны асуудал, гэр бүлийн тогтвортой байдал яригдана. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өрх бүрд 1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг төрөөс олгож иргэд, өрх гэр бүл, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид ААН-үүдээ санхүүгийн хүндрэлээс гаргах санаачилга гаргасан юм” хэмээн тайлбарласан билээ.

Ингээд түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас хүргэе.

-Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал яагаад гаргав?

Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоосон учраас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа 14 хоногийн хугацаатай бүрэн зогссон. Үүнтэй холбоотой ажилчид нь орлогогүй болсон. Тэгэхээр энэ хөл хорио өрхийн санхүү, орлогод хүндрэл бэрхшээл учруулж байна. Ерөнхийлөгчийн зүгээс зургаан бүлэг маш тодорхой санал Засгийн газарт хүргүүлсэн.

-Санхүүжилтийг нь хэрхэн шийдэх тооцоо байгаа вэ?

-Эдийн засгийн тооцоо судалгааг нь гаргасан. Сангийн сайдад танилцуулна. Ерөнхийлөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд тэтгэврийн зээл тэглэх мэдэгдэл хийсэн. Тухайн үед бас л өнөөдрийнх шиг эдийн засгийн тооцоо судалгаа хийсэн эсэх асуудал тавьж байсан. Харин бүх тооцоо судалгааг нь хийж гаргасан байсан. Ийм  учраас 248 мянган өндөр настан 690 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлээ тэглүүлсэн. Үүнтэй адил бид судалгаа хийж тооцоо гаргасан байгаа. Ер нь улсын төсөв аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлогоос авсан  татвар байдаг. Үүнийг худалдан авагч буюу иргэд бүрдүүлдэг. Гэтэл тасралтгүй үргэлжлэх энэ гинжин хэлхээ нэг газраа тасраад зогсвол төсвийн орлого байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр үүнээс урьдчилан сэргийлсэн тодорхой арга хэмжээ авах ёстой. Энэ үүднээс Ерөнхийлөгч Засгийн газарт зургаан санал бүхий албан бичиг өгсөн юм.

-Мөнгө тарааж байгаа улс олон бий. Харин манай улсын эдийн засгийн нөөц боломж ямар байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 55 улс иргэддээ бэлэн мөнгө, мөнгөтэй адилтгах эрхийн бичиг өгөөд байна. Эдгээр улстай манай улсыг адилтган авч үзэх боломжгүй эдийн засгийн нөхцөл байдлын хувьд харьцангуй өөр. Гэвч Монгол Улсын хувьд иргэдэд дэмжлэг үзүүлэх боломж бий. Төсвөөс гадна өөр нэмэлт орлогоос санхүүжүүлэх боломж байгаа.

-Өрх бүрт 800 мянган төгрөгийн хүнс авах эрхийн бичиг өгвөл хүмүүс олноор цуглах эрсдэл үүсч магадгүй?

-Улсын хэмжээнд өнөөдөр 13 мянган орчим хүнсний зах болон хүнсний жижиг дэлгүүр ажиллаж байна. Хүнсний хагас боловсруулах үйлдвэр 8000 орчим бий. Үүний 46 нь хүнсний томоохон үйлдвэр. Тэгэхээр энэ сүлжээг ашиглаад иргэдэд дэмжлэг үзүүлж болно. Зохион байгуулалтаа сайн хийж чадвал бөөгнөрөл үүсгэхгүй байх боломжтой.

-Улсын хэмжээнд эхний ээлжид хэдэн өрхөд бэлнээр 200 мянган төгрөг өгөхөд хэдэн төгрөг болох вэ. Аж ахуйн нэгжүүдэд 800 мянган төгрөгийн эрхийн бичгийн мөнгийг дэмжиж байгаа болов уу?

-Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар дэмжих юм бол тусгай журам гаргаад зохицуулна. Ер нь 800 мянган төгрөгийн эрхийн бичиг бол дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж буй эдийн засгийн хөшүүрэг болно. Манай улсад 2019 оны статистикаас харвал 897 орчим өрх бүртгэлтэй байна. Эдгээр өрхөд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхэд 900 орчим тэрбум төгрөг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдүүлнэ гэж харж байгаа.