Юта мужийн уулст үл мэдэгдэх металл багана олджээ

Дэлхийн мэдээ
 
АНУ-ын Юта мужийн засгийн газрын Олон нийтийн аюулгүй байдлын газрын ажилтнууд энэ сарын 18-нд уулан дахь аргал угалз тоолж явахдаа нисдэг тэрэгнээс уулан дунд үл мэдэгдэх багана байхыг ажиглаад бууж үзсэн байна.
Бууж очиход огт хүн явдаггүй тэр газарт хоёр метр илүү өндөртэй гангаар үйлдсэн маш цэвэрхэн металл багана босгосон байжээ. Стэнли Кубрикийн 1968 онд бүтээсэн уран зөгнөлийн “Сансрын одиссе-2001 он” кинонд гардагтай төстэй энэ баганыг хэн ямар зорилгоор хэзээ босгосныг өнөө хэр тогтоож чадаагүй байна. “Уран сайхны бүтээл, хөшөө дурсгалыг холбооны нутаг дэвсгэрт эрх баригчдын зөвшөөрөлгүй босгох ёсгүй” гэж мэдээлэлд дурдсан байна.