Х.Болорчулуун: CoVid19 чинь тахал юм уу, ханиад юм уу

Улс төр

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах Түр хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Нэг жилийн өмнө Уханьд халдвар гарч байхад тахал гэж хүлээж авч байсан. Хүмүүс нь гудамжинд явж байхдаа ухаан алдаж унаж байсан. Харин манайд 400 гаруй хүн халдвар авахад маш хүнд хүн байхгүй гэлээ. Уханьд гарсан халдвартай манайх адилхан уу. Мутацид ороод өөрчлөгдөв үү. Эсвэл монгол хүний биеийн онцлогтой холбоотой юу. Халдвар аваад эдгэрсэн 66 настай хүн "Хүний урманд цор гэж ханиалгаагүй" гэж хэлж байна. Энэ чинь тахал юм уу, ханиад юм уу. Тахал гэж айлгаж, улс орнуудад вакцин шахах гэсэн улс төр бизнесийн бүлэглэлүүд бий шүү. Улс орон бүр янз бүрээр хүлээж авч байна. Хэтэрхий сүржин хүлээж авч эдийн засгаа унагах вий. 20 хоногийн хөл хорио иргэдийн амьдралд 200 хоног сөргөөр нөлөөлнө шүү" гэв. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Вирус мутацид орж өөрчлөгдөж байгаа нь олон улсад бүртгэгдэж байгаа. Гэхдээ хүндрэх хүмүүсийн тоонд нөлөөлөхгүй байгаа. Дэлхий нийтэд халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн хэлбэртэй байна. Манай улсын хувьд цөөн хүн халдварласан болон эрт илрүүлэн шинжилж байгаа болохоор хүндрэл бага байгаа гэж ойлгож болно. Энэ өвчнийг цар тахал гэдгийг нийтээрээ тогтоосон. Ханиадтай адилтгаж, орхиж болохгүй" гэлээ.