Шударга тавын замхарсан дууль

Улс төр

С.Баяр

Албан тушаал “үмхээд” л амаа хамхидаг шударга таван улс төрчийн маргааш өнөөдрөөр дууслаа. Сүүлийн үеийн монголчуудын гэм биш зан болсон аливаа нэг албан тушаал, эрх мэдэлд очих гэж шударга төрхийг илтгэн, ард түмний эрх ашиг зөрчигдөж байна хэмээн орилсоор оргил руу мацдаг төрхийг хамгийн тодоор бүрдүүлсэн Ж.Батзандан, Лу.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын “ганган” имиж ганц өвлийг ч даахгүй нуран унах нь тэр.

Одоогоос яг нэг жилийн өмнө МАНАН бүлгэмийн эсрэг шударга нь дэндсэн таван гишүүн эвлэн нэгдэж, гудамжинд гарч ирсэн нь Ж.Батзандан, Лу.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар байв. Улс төрийн томоохон намуудын холион бантан, бохир заваанд залхаж ядарсан иргэд яралзсан залуучууд “шударга ёс” ярина гарч ирэхэд баярлан угтсан. Бас горьдон өндийсөн. Тэр утгаараа тэдний “тэмцэл”-ийн ард өр нэхэхгүй зүтгэж, өдий хүртэл муу бүхнээс бамбай болон хамгаалж ирсэн.

Харамсалтай нь ган хийж босч ирсэн шигээ гангинан дуугаа хамхисан тэдний өмнө өндөр албан тушаал, уул овоо шиг урсах бохир мөнгөний урсгал байсан нь өнөөдөр бүгдэд ил болов.

Шударга хэмээх имижийг бүрдүүлэгч хулхи таван гишүүнээс хамгийн түрүүнд “жагсаалаас гарсан нь” мэдээж МАНАН бүлгэмийн МАН малгайтнууд. Албан тушаалд хүрэхийн тулд авирч болох бүхэнд авирч, наалдаж болох бүхэнд наалдаж чаддаг эрдэмтэй Л.Оюун-Эрдэнэ “амин сүнс” шиг явсан намын даргаа шалбааг руу түлхээд гарч ирсэн шигээ ард түмнээ хаяад өндөр суудал руу зүтгэсэн нь түүний хувьд хүрч болох хамгийн өндөрлөг болох МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн байв. Үүндээ ч хүрч чадсан тэрбээр өнөөдөр нам бараадан албан тушаалд очихыг хүссэн хэн бүхэнтэй хамгийн түрүнд уулзах ёстой “эрхэм” гэдэг албыг хүртэж, дарга хэмээх ямбыг үүрсэнээр өнгөрсөн жилийн өдийд ярьж байсан, иргэдийн толгойг угааж, тархийг савандаж байсан “шударга ёс” гэдэг үгийг үнэтэй рестораны чамин архины хундаганд хийгээд хэдийнэ залгичихсан сүйхээ нь дэндсэн нэгэн болж чадав.

Чингэлтэй дүүргээс гаралтай, час хийсэн үнэнг цөөнгүй удаа хэлж байсан учир Чингэлтэйхэн төдийгүй монголчууд Т.Аюурсайханыг “шударга ёс” ярьж эхлэхэд шууд итгэсэн нь үнэн хайран. Тэр ярих ярианыхаа ард хэлсэн үгээ мартаж, өнгөнд унаж, мөнгөнд сөхөрдөг “Монгол эр”-ийн ёсоор албан тушаалд амаа хүлүүлж, гараа алдчихсан. Түүний ярьж байсан шударга ёс гэр хорооллын нүхэн жорлонд гасалж, харин өөрөө УИХ-ын хурлын дэд дарга хэмээх албан тушаалын өндөрлөгөөс хоолой шахан хямсалзаж суух болсон. Албан тушаал аавын хүүгийн амыг боож, хөлийг хүлдэгийг хамгийн тодоор харуулж буй түүнд цаг хугацаа магадгүй эндээ  зогсоосой гэсэн хүсэл байхыг ч үгүйсгэх аргагүй харагддаг нь элэг хөшөөм.

Сонгинохайрхан дүүргээс өндийсөн, улс төрийн гал тогоо руу дүүргийн засгаас дүүлж орж ирсэн Х.Нямбаатар гэх шавилхан биетэй шазуур ихтэй, өгсөх тусам хий гишгэх нь их болсон нөхрийг одоогоос жилийн өмнө саарал үстэй малгай, дээлээр ижилжүүлэн гарч иртэл сонгосон дүүргийнхэнээс нь өөр хэн ч таньдаггүй байсан гэхэд болно. Ороо бусгаа цаг хугацааны оноолтоор улс төр гэх том тогоо руу үсэрч орж ирсэн түүний ар талд мэдээж “томхон” бүлэглэл байдаг хэмээн иргэд харддаг. Харин энэ талаар чив чимээгүйхэн зүтгэсээр улс төрийн орон зай хийгээд ашиг шимийн ертөнцөд өөрийн шанагаараа чадах хэмжээгээрээ  “хутгаж” байгаа түүний хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд гэдэг албан тушаал гэнэтийн бэлэг байсан юм шүү, ард түмэнд. Харин энэ албан тушаалынхаа зангаргыг өөрийг нь муулсан, шүүмжилсэн сошиалын хов түүж, Зөрчлийн хууль гэгчээр далайлган халаасан дахь таван цаасаар нь торгуулах ажлыг хийхээр гаршиж яваа, “шилдэг” сайд.  Ямартай ч ажил ам хоёр нь алд биш дэлэм бүүр биш ар, өвөр шиг зөрдөг түүний хувьд хамгийн том дуулиан буюу цаашид улс төрийн шатлалынх нь хаалгыг хаасан “цар тахал” бол найзынхаа сувилалд “нар шиг аашилж” байсныг сэтгүүлчид илрүүлж, олон нийтэд гаргаж тавьсан нь байв. Нартай өдөр бороонд навс цохиулах шиг хэзээ ч илрэхгүй хэмээн бодож байсан түүний хамаарал бүхий компаниудын сүлжээг хэвлэлийн хуудаснаас тасралтгүй хөврөх үүд нээгдсэн энэ цаг үед цар тахлын хэвлэлийн хурлыг ч өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлчийг муулахад зориулсан үнэнхүй “хүчтэй” үзүүр түрүүнд азаар ирсэн “харьсан бөх” шиг түүний авир иргэд сонгогчдынх нь бухимдлыг хүргээд байгааг өөрөө даанч анзаарахгүй яваа нь гачлан юм.

Лу.Болд уг нь монголын хашир улс төрчдийн нэг. Ардчиллын анхны хараацай тэрбээр гэнэт л гудамжинд гарч жагсаж, шударга ёсыг өөрийн хамсаатнуудаасаа шаардаж эхлэхэд намын нөхөд нь бүү хэл жирийн иргэд ч цочирдсон юм шүү, үнэндээ. Харин тэр цочролыг дэмжлэг гэж бодсон уу, эсвэл ижил сүрэг болсон журмын анддаа итгэсэн үү, намаасаа гарч “шинэ нам” байгуулан цаашлахад хэн хүнгүй гайхсан ч цаашдын үргэлжлэлийг чимээгүйхэн ажсан нь олон. Түүний хувьд өөртөө зохиогүй дүрд хүчээр тоглосон нь их хурлын сонгуулиар “мөнхийн сонгогчид”-оосоо дэмжлэг авч чадаагүй унасанаас харж болно. Бодь групээ Богд банк болгож, улс төр бол миний мэргэжил юм хэмээн амандаа бувтнасаар улс төрөөс гарч чадахгүй орж, чадахгүй ацан шалаанд унаж, шинэ нам гэх шальдархан улс төр шалан дээр унасан тэр цагаар Лу.Болдын хийсэн сонголт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөхөөр томилогдсон нь байв. Эргэж эргэж дуг... гэж эртний монголчууд зүгээр нэг ёгтлоогүй байгаа юм шүү.

Өөрчилж чадахгүй бол өөрийгөө өөрчлөх нь зөв гэдгийг яруу тодоор харуулсан хүн бол шударга тавын нэг Ж.Батзандан юм. Үнэндээ, өөрийгөө өндрөөр үнэлж, массыг сулд тооцсон түүний ээлжит тоглолт газар авахгүй унахад ганцаараа шахам хоосон хоцорч, тэр хэрээрээ гоморхон тунирхаж давхисан түүний хувьд  гадаадад элчин зөвлөхөөр томилдсоноор шөнөд бүтэн нойртой хонож эхэлсэн гэж болно. Шүүмжилж, шилэрч, сүйрүүлж байна хэмээсэн МАНАН бүлэглэлээсээ албан тушаал горьдож шарвалзсан түүний хувьд иргэдийн сонголтоор улс төр хийдэг цаг хугацааны хаалга хаагдсаныг 2020 оны УИХ-ын сонгууль дан хийтэл ойлгуулсан юм. Гишүүн байхдаа гудамжны улс төр хийж хөгжиж байсан түүнд гишүүнгүйгээр улс төрөө гудамжинд хийх эрхийг олгосон өнгөрсөн хоногуудад шүүхээс эрэн сурвалжилж, сошиалд үнэнийг нь гаргаж баалж эхэлсэн учир Монголд биш гадаадад ажиллах нүх хайж давхисаар гайгүйхэн шиг лав шургалж авсан нь Австралийн элчин зөвлөх гэх зөөлөн гамбир зууж авсан нь байв.

Алдар хүндийг оргилд гарч болно, бууж ч болно, алив бүхнээ мартаж, маргаашгүй өнөөдөр, өчигдөргүй өнөөдөрт унасан улигт таван гишүүний шударга мөр ийн замхрав...  Нөгөө талаар монголын улс төрийн эмгэнэлт драм ч гэж болно. Өөрсдөө босгосон овоогоо өргөж нэг цацалж нэг нураадаг улс төрчид зөвхөн Монголд суурьшсаны гол эмгэнэл энэ буюу...