Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Улс төр

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гаригт бүх нийтээр амарна. Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 96 жилийн ой тухайн өдөр тохиох юм. Түүх сөхвөл, 1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан байна. Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг нь тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна. Хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Түүнчлэн 2012 оноос уг өдрийг “Тэмдэглэлт өдөр” хэмээх болсон бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Улс тунхагласны ойн хүчит бөхийн барилдаан жил бүр болдог уламжлалтай ч цар тахлын улмаас хөл хорион дэглэм үйлчиж буй тул  энэ удаад бөх барилдах боломжгүй юм.