Билгүүн номч Б.Ринченгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Соёл урлаг, Спорт

 

Еншөөбү овогт Бямбын Ринчен 1905 оны арваннэгдүгээр сарын 21-нд хуучнаар Хиагт, өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг "Булсарай" хэмээх газар Б. Раднаажавын ууган хүү болон мэндэлсэн. Түүний бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр Бямба хэмээн овоглох болсон байна. Эцэг Еншөөбү Будын Раднаажав нь   эрдэм боловсролтой, олонд нэр хүндтэй, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ. Б.Ринченгийн амьдарч байсан цаг үе нь нэг намын дарангуйлалтай, Монголын түүхийг гуйвуулсан, түүхийн эх сурвалжуудыг  тэр дундаа Их эзэн Чингис хааны тухай  бахархан бичсэн эрдэмтэн мэргэдийг хавчиж гадуурхадаг байж. Гэвч Б.Ринчен тухайн үеийн сайд дарга, яам тамгийн газрын түшмэдэд өөрийн үзэл бодлоо шулуун шударгаар хэлж хэлмэгдэж явсан эрдэмтэн судлаач юм.

Тэрбээр  Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн байв. Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний өөрөө сурах бичиг зохиосон билээ. Б.Ринчен 1977 оны гуравдугаар сарын 04 хүртэл амьдрах хугацаандаа Монгол хэлний судлал, угсаатан судлал, түүх, утга зохиол, орчуулгын талаар эрдэм шинжилгээ, судлагааны олон бүтээл туурвиж, гадаадын олон улсад хэвлүүлж хэдэн зуун өгүүлэл, сонины нийтлэл бичиж үлдээсэн юм. Үүнээс гадна дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг Монгол хэлнээ орчуулсан байна.

Б.Ринчен эх түүхээ гуйвуулахгүй байх, монгол хэл соёл оо  бүрэн бүтэн авч үлдэх гэж өөрөөс шалтгаалах бүхий л зүйлийг хийсэн байдаг. Түүний энэ хичээл зүтгэл нь уран бүтээл, ёгтлол сургааль, хэлсэн үгнүүдэд нь нэвт шингэж үлджээ. Тухайлбал:  

-Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ

Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ

Аяа, мундашгүй эрдэм сурахад нас даанч богино

Аяа, мунхагуудын дунд амьдрахад нас даанч урт

Түшмэд намайг яаж үздэг хамаагүй

Түмэн намайг яаж үздэг хамаатай

Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй

Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай хэмээн хэлсэн байна.

Үүнээс гадна тэрбээр тухайн үеийнхээ БНМАУ болон ЗХУ-ын төрийн тэргүүнүүдэд өөрийг нь гүтгэн доромжилсныг эсэргүүцэж, мөн нийгэмд байгаа гажуудлын талаар захидал бичин цаг үеэ шүүмжилж байв. Үүнийхээ төлөө ч гадуурхагдан хавчигдаж, шоронд хоригдож байсан удаатай.

Монгол хэл /шүлгээс/

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!...

Урьдын бэрх цагт улс Монголын хэт заяаг

Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,

Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,

Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,

Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,

Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт

Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,

Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.

Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь

Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь

Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,

Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн

Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь

Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,

Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,

Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Зохиол

Цогт тайж (1946) кино зохиол,

Үүрийн туяа (1951) түүхэн роман,

Заан Залуудай (1964),

Их нүүдэл (1972),

Гүнж (1969) зэрэг ном хэвлүүлжээ.

Нууцыг задруулсан захидал өгүүлэг,

Ану хатан,

Шүхэрч Буниа өгүүллэг,

Бэр цэцэг,

Сар шүлэг найраглал нь их алдартай.

Орчуулага

М.Горькийн Салхич шувууны дуун,

М.А.Шолоховын Хүний хувь заяа,

Галидасын Үүлэн зардас,

Н.В.Гоголийн Тарас Бульба зэрэг олон нийтэд түгсэн зохиолыг орчуулжээ.

Б.Ринченгийн ёгтлол сургаалын тухай олон яриа, баримт мэдээлэл байдаг. Ингээд түүнээс нь зарим хэсгийг нь толиллуулая.

Тэнэгээ нууж яв

Нэгэн яамны томоохон түшмэл Б.Ринчен эрдэмтэнг өрөөндөө дуудан ирүүлжээ.

Тэгээд:

-Яавал чам шиг ухаантай болох вэ? гэж асууж гэнэ.

Хариуд нь: 

-Хамгийн гол нь тэнэгээ нууж яв гэсэн зөвлөгөө өгсөн гэдэг.

Хирэн тамга

Ри багш монгол үндэстнийхээ хэл соёл, ардын сайн сайхан ёс заншлыг бахдан магтахын зэрэгцээ бүдүүлэг ёс, муу зуршлыг шударга үгийн төмөр шилбүүрээр хайр найргүй ороолгодог байв. Тэрбээр нэг удаа зээ хүү Ж.Адъяагаасаа:

 -Чи орос, хятад, монгол 3 хүн гараа хэрхэн угаадгийг мэдэх үү гэжээ.

-Үгүй. Бодвол адил биз ээ гэсэнд:

-Орос хүн хирээ сайтар савандаж угаадаг, арчдаг.

-Хятад хүн норгосон алчуураар хирээ сайтар арчаад, анх булхсан түмпэнтэй усандаа алчуураа угаадаг. Гар нь бага зэрэг хиртэй, алчуур нь хиргүй болдог.

-Монгол хүн хирээ норгодог. Тэгээд арчдаг. Алчуур дээр нь 10 хурууны хирэн тамга дурайж үлддэг гэжээ.

 Жич. Москва хотноо 1980 оны эцсээр Нийгмийн Шинжлэх Ухааны Академид цуг ном зузаалж байсан түүхч Ж.Болдбаатарт, Ри багшийн зээ хүү Ж.Адъяагийн ярьсан хуучаас найруулав.

Үхрийн орчуулагч

Ри багштан бол эрдэмтэн сэхээтэнд бол багш, эгэл олондоо бол шавь байлаа. "Цогт тайж" кинон дээр Цогт тайжийн ээж хүүхдүүдэд хичээл заахдаа ярьдаг шиг "Хамгийн сайхан үгийг Харцын овоохойноос хайдаг" хүн байв. Тэгээд ч жил бүрийн дэлгэр цагт эрдэм шинжилгээний анги ахлан аман зохиол, хэл түүх, угсаатны зүйн аянд морддог байлаа. Тийнхүү 1964 онд Булган нутгаар аялжээ. Алдар суут "Бүрхээр" уулын өврөөр гарч явтал замын голд нэг гуна хэвтэнэ гэнэ. Жолооч хичнээн чагнаалдавч огт ажралгүй хивэн хивэн хэвтэж, хялалзан харж байв гэнэ. Харваас мах бэлтгэлийн үхэр аж.

 -Чийчаанд дайруулбал таарах Цэхийсэн муу золиг гэж ундууцсанд Ри багш үхрийг өмөөрөн:

 -Үхэр чамд, үг хэлэхийг сонссонгүй юу? гэжээ.

-Юу гэж байна гэсэнд

-Найз минь, би муу боловч Найрамдлын хотод хиам болно.

Харин чи намайг дайрвал

Хар гэрийн барам болно гэж байна шүү дээ гэжээ.

 Жич. Золиосонд гаргах, амь нь үнэгүй амьтан. Золиг ч гэдэг. Аян замд цуг явсан хэд хэдэн шавийнх нь үг зөрөөтэй ч утгын зөрөөгүй хуучаас найруулав.

 Хонхдохоо больсон нь

 Ринчен гуай хэл шинжлэл, угсаатны зүй, ардын аман билиг, урлагийн түүх зэрэг эрдэм шинжилгээний олон талт нүсэр их ажлынхаа хажуугаар өрнө дорнын олон сонгодог зохиолыг яруу сайхан орчуулж бийр үзэг эцээж, бэх бал дуусгаж ямагт завгүй суудаг байлаа.

Гэтэл их эрдэмтний рүү утас цохиж:

 -Байна уу?

-Хэн бэ?

-Хаанах вэ? гэх мэтээр шалгаагсад авьяас онгодыг нь үргээж алтан сайхан цагийн хумслахад өвгөн бухимддаг байж.

Тэгээд нэг сайн мэргэн арга олсон байна. Тэрбээр утас дөнгөж хангинуут аваад:

 -За хүүр оршуулах газар байна гэдэг болж. Тэгэхэд цаад хүн нь:

-Ээ базарваань гэж уулгалах юм уу эсвэл

-Ээ бурхан минь гээд утсаа тасалдаг. Улмаар тийнхүү ахин, дахин хонхдохоо больсон гэнэ.

 Жич. Ринчен гуайн энэ онигоо дорхиноо олонд тархсан нь: утсаар зөв ярих соёл дэлгэрүүлэхэд ч сайн нөлөөтэй болсон гэж Холбооны Яамны сайд асан Гарам-Очид 1974 нд инээн ярьж билээ.

 Хэн эмэгтэйчүүдийн хороон дарга болох вэ?

Цэдэнбал дарга, Монголын Эмэгтэйчүүдийн Хороон дарга С.Удвал гуайг дуудаж гэнэ. Удвал гуай боджээ. "Зө хө саяхны бүгд хурал дээр ажил муу" гэж бангадуулсан П.Дамдин Хөнгөн Хүнсний Үйлдвэрийн Яамны сайдаасаа Улс төрийн товчооны орлогч гишүүн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга болж дэвшсэн шүү дээ. "Ажил сайтай" гэж тус бүгд хурлын илтгэлд сайшаагдсан Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны дарга юунаасаа ч айх билээ дээ гэж бодсоор даргын өрөөнд орж гэнэ. Дарга нэг л янз муутайхан сөлөлзөн холхиж, саравч юугаа зүлгэснээ:

 -За чи өргөдлөө бич гэжээ.

-Юун тухай өргөдөл вэ? Гэхэд нь

-Тэтгэвэртээ гар гэжээ. Ийнхүү С.Удвал гуай халагдсаны дараахан:

 -Одоо хэн Эмэгтэйчүүдийн Хороон дарга болох вэ? гэсэн таавар олны дунд оньсого болжээ. Тэр тухай Ри гуайгаас асуусанд:

-Эмгэн болж үсээ авдаггүйгээр нь Э.Оюуныг тавьж мэднэ.

Эхнэр авч эрээ баталдаггүйгээр нь Д.Тарвааг тавьж мэднэ.

Эмс охидыг шүлэглэн магтдагаар нь Б.Явуухуланг өргөмжилж мэднэ.

Эцсийн эцэст хэнийг тавихыгаа Бал дарга бус АЖАА МАМ  мэднэ гэжээ.

 Жич. Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны дарга С.Удвалын туслахаар олон жил ажилласан зохиолч Д.Лхасамбуугийн ярьсан шогоос сэдэвлэн найруулав.

 Зовлонгоос ангижирсан нь

 Аятайхан нэг эмэгтэй: Орчуулагч болохоор санаа шулууджээ. Учир нь тэрбээр орос сургууль төгссөн монгол бүсгүй бөгөөд орчуулга хийвээс алдар, ашиг хоёрыг ууталж болно гэдгийг ухаарсан нэгэн санж. Тэгээд хялбардуухан нэг номыг хавтсыг нь салтал барьж явсаар орчуулж дуусгасныгаа их дуун хөрвүүлэгч Ринчен гуайд үзүүлэв. Залуу хүнийг тэгэх тусмаа юм хийх бүтээх дуртай хүнийг хэт их  дэмждэг өвгөн хайран сайхан цаг заваа үрж мөнөөх "орчуулгыг" улаан алаг болгоод:

-За хүү минь сонин сэвүүн зохиолыг сонины хэлээр орчуулж болохгүй. Ардынхаа амттай сайхан үгээр хөрвүүлж бай гээд  буцааж гэнэ. Бүсгүй бас ном орчуулжээ.

Тэрбээр Ринчен гүүшээр "бөөсөө" түүлгээд, ном хэвлүүлэх арга олсондоо урамшсан нь тэр санж. Ринчен гүүш орчуулгыг гүйдмэгхэн уншаад:

-Үг нь монгол, өгүүлбэр нь орос байна гэж цохоод буцаажээ.

Бүсгүй ер халширсангүй ахин ирсэнд:

-Чадал муутай хүн орчуулга хийх гэж махаа идэх нь

Царай муутай эм, эр эргүүлж нэрээ баасдахтай ижил бус уу гэснээс хойш ахин үзэгдэхээ больж, амар сайхандаа жаргажээ.

Жич. Монголын нэрт орчуулагчдын нэг харамсалтай нь дэндүү залуугаараа орчлонгоос буцсан Ш.Цэрэнрагчаагийн ярьсан шогоос зөвхөн эмэгтэйн нэрийг хасаж хэвлүүлэв.

 Манай нутаг

Хятадаар явж байхдаа Ринчен гуай нэг удаа Түмэн газрын Урт цагаан хэрэм үзжээ. Гадаад, дотоодын олон аянчин жуулчин байсан юм биз. Мань хүн Цагаан хэрэмний наад талд гараад ногоон ширгэн дээр өөдөө харан хэвтээд өгч гэнэ. Цуг явсан хүн нь ихэд гайхаж:

-Та яаж байна аа? гэсэнд

-Энэ хэрэмнээс урагших нь Эртний түүхт Хятадын нутаг Эгц өндөр хэрэмнээс хойших нь

Эзэн Чингисийн удмын Монгол нутаг

Хүн гүрний довтолгооноос сэргийлж

Хөөрхий боолууд энэ хэрмийг босгосон юм

Нутагтаа ирсэн хүн чинь нуруугаараа хэвтэж болно биз дээ гэжээ.

Арван тавны cap нь агаар тэнгэртээ лаампаг даа

Улсын нэр томъёоны комисс хуралдаад энэ “дэнлүү” гэдэг хятад үгийг хэрэглэхээ больё. Дэлхийн нийтийн чанартай машин, комбинат гэсэн үгийг хэрэглээд байгаа шигээ "лампа" гэдэг үгээр сольё гэлцээд олонхийн хүчээр түрүү бариад баталж лампа гэж байхаар тогтжээ. Тэгэхлээр нь Ренчин гуай:

-Би нэг дуу дуулбал болох уу? гэжээ. Үг хэлж маргая гээгүй дуулъя гэсэн болохоор нь зөвшөөрч гэнэ. Ри багш босч зогсоод:

“Арван тавны cap нь агаар тэнгэртээ лаампаг даа

Арван тавтай шоожуу нь аав ээждээ лаампаг даа’’ хэмээн дуулсанд

-Өө дэмий юм байна. Дэмий юм байна. Дэнлүүгээрээ үлдэг гэсэн гэдэг.

Хаагуураа гавьяа байгуулсан тэндээ зүү

Нэгэн эмэгтэй ''Алдарт эхийн одон''-гоор шагнуулаад, баруун талдаа ч барьж үзээд, зүүн талдаа ч барьж үзээд, ''хаанаа зүүвэл гоё вэ'' гэж гэнэ. Ренчин гуай хажууд нь зогсож байснаа ''хаагуураа гавьяа байгуулж авсан юм? Тэндээ зүүхгүй юу!'' гэж.

Тэгсэн нэг нөхөр:

-Энэ Ренчин нам засгаас гаргасан энэ сайхан одонг хаана нь зүүлгэх гээд байна? гэхэд мань хүн жишим ч үгүй сахлаа имэрч зогссоноо ийн хэлэв гэнэ.

 

-Эх хүн гэдэг хүн төрөлхтөнийг ариун сүүгээрээ тэжээн тэтгэж ирсэн билээ. Иймээс тэр цагаан сүү ундран гардаг хөхнийх нь товчин тус газар зүү гэж хэлээд, харин та өөрөө хаана нь зүүлгэх гээд байна? гэж хэлэхэд нөгөө нөхөр хэлэх үггүй болсон гэдэг.