Сургуулилтыг аль болох бодит орчин бий болгохуйц зохион байгуулах тул иргэдэд сандрахгүй байхыг анхааруулав

Нийгэм, Эдийн засаг

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шадар сайдын 33 дугаар тушаал гарсан. Монгол Улсад коронавирусийн 40 тохиолдол одоогоор бүртгэгдээд байгаа боловч цаашид  нэмэгдэж болзошгүй тул хорио цээр, халдвар хамгаалал, хариу арга хэмжээний дадлага сургуулиллтыг  хийхээр болсон. Тодруулбал, “COVID-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт нийслэлийн Чингэлтэй дүүрэгт зохион байгуулах юм. Тус дүүргийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 7-ны өдөр 08.00-18.00 цаг хүртэл хөл хорионы дэглэм тогтоож орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.  

Иймээс иргэдэд үүнтэй холбоотойгоор ажлаа зохицуулах шаардлага үүсэж буй.  Энэ үеэр зэвсэгт хүчний 400 гаруй цэргийн албан хаагч, 10 орчим зэвсэг техникийн хэрэгсэл гол гол уулзваруудад ажиллана. Сургуулилтыг аль болох бодит орчинг бий болгохуйц зохион байгуулах тул ард иргэд айж сандрахгүй байхыг анхааруулж байна.

Тиймээс энэ сарын 7-ны өдөр цагдаа, хүчний байгууллагынхан нийслэлд, ялангуяа тус дүүрэгт олноор ажиллана гэдгийг иргэдэд урьдчилан сануулж байна. Цар тахал МУ-д нүүрлэсэн үед хэрхэн ажиллахыг харуулах дадлага сургуулилалт юм. Тиймээс тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоох тул 08-18 цагийн хооронд дотооддоо ажил хэргээ зөв зохион байгуулах шаардлагатай. 

Зарим байгууллагууд зайлшгүй ажиллах ажилчдаа хөл хорионоос өмнө нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн хөл хорио цуцлагдсанаас хойш буюу 18 цагаас хойш ажилчдаа тараах зохицуулалт хийж болох юм. Түүнчлэн цахимаар ажиллах боломжтой. Нийт 504 цагийн сургалтад буюу хөл хорионд тус дүүргийн 160 мянган иргэн хамрагдах юм.

Өвчин зовлон, төрөлт зэрэг зайлшгүй хүчин зүйлсийг тооцож зохион байгуулна. Мөн цар тахлын буюу хатуу хөл хорионы үед иргэд хүнсний дэлгүүрүүдээр хэрхэн үйлчлүүлэх, худгаас ус авах, хог тээврийн үйлчилгээ болон зайлшгүй хүнсний хэрэгцээг хэрхэн хангах тухай зураг авалт хийх аж.

Хөл хорио ЧД-ийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь буюу Төв шуудангаас баруун дөрвөн зам, Гэсэрийн уулзвар, Эх нялхас болон Баян хошууны Хөтөлийн уулзвар, Дөлгөөн нуурын уулзвар, Баянбүрд, дэнжийн 1000, Сэлбэ голын зарим хэсгийн нутаг дэвсгэрийг хамрах юм. Нийтийн тээврийг хөл хорио тогтоосон газраас гадуур зохион байгуулна. Энэ үеэр мөн 659 цэг дээр 2213 албан хаагчид хяналт тавьж ажиллах юм. Мөн 9 орц гарцыг нээж, зайлшгүй тохиолдлын үед орох гарах хөдөлгөөнийг зохион байгуулна. Мэдээллийг цаг тухайд нь цахимаар шууд хүргэнэ. Нийслэлийн хэвлэл мэдээллийн албадтай хамтран тухайн өдрийн үйл ажиллагааг сурвалжлах баг гаргаж, тодорхой тооны хэвлэл мэдээллийн байгууллагыг ажиллуулахаар төлөвлөж буй аж.