Дуучин Ука Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа

Эрэн сурвалжлах

Дуучин Д.Уламбаяр буюу Ука өнөөдөр /2020.11.06/ төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа юм. Өвөрмөц дүр төрх, загварлаг хувцаслалтаараа олныг байлдан дагуулдаг дуучин бол Ука.

Авьяаслаг дуучин бүсгүй сүүлийн үед “Киви” хамтлагийн уран бүтээлээсээ илүү хувийн карьераа хөөгөөд буй. Түүний хувьд арваннэгдүгээр сарын 20-нд өөрийн бие даасан анхны том  “Do it” шоу тоглолтоо Буянт-Ухаа спорт цогцолборт хийхээр товлоод байгаа билээ. Сүүлд “Voice mongolia” тэмцээний шүүгчээр ажилласан тэрбээр сонсогчдодоо цоо шинэхэн "Bounce" дуугаа хүргээд амжсан.

Тэрбээр 1979 онд төрсөн бөгөөд эцэг эхээс зургуулаа. Дуучин Ука Соёл урлагийн их сургуульд сурч, жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж "Орхон" дээд сургуулийн хэлмэрч, нарийн бичгийн дарга мэргэжлээр суралцсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг. Дуучин бүсгүй продюсер Б.Дашдондогийн "Nature sound" студийн анхны төгсөгчийн нэг юм. Продюсер Б.Ангирмаа түүнийг анх олж харснаар "Киви" хамтлагийг байгуулах санаа төрсөн гэдэг.