ХӨСҮТ-ийн сувилагчаас Covid-19 илэрлээ

Эрэн сурвалжлах

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.06) мэдээллээ хийлээ.


Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1068 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс вирус илэрлээ. Тодруулбал, Алтанбулаг боомтоор орж ирсэн Беларусь улсын 30 болон 48 настай хоёр жолоочоос, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн 19 настай нэг хүний давтан шинжилгээнээс вирус илэрсэн байна. Мөн өвчтөнүүдэд үйлчилж байсан нэг сувилагчаас СOVID-19 илэрлээ. ХӨСҮТ-д ажиллаж буй эмч, сувилагчид халдварын голомтод 14 хоног орж ажилладаг. Тэд ээлжээ дуусгаад 14 хоног ажиглалт, хяналтад байж байгаад 28 хоногийн дараа гэртээ очдог байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 356 болж, үүнээс 314 буюу 89.2 хувь нь эдгэрчээ. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн, сувилалд нэг хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 37 нь хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 66 хүн ажиглалт тандалтад байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.