Явган хүний зам дээр машинаа тавиад цагдаа хэмээн худал хэлсэн иргэнд хариуцлага тооцлоо

Эрэн сурвалжлах

Явган хүний зам дээр машинаа тавиад, шаардлага тавьсан иргэнд өөрийгөө цагдаа байна гэж худал хэлсэн иргэнд хариуцлага тооцсон байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Батгэрэл "2020 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 129 дүгээр цэцэрлэгийн баруун талын явган хүний зам дээр Mitsubishi Outlander  маркийн УАК 2806 дугаартай тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг иргэн цахим орчинд түгээсэн. Уг зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгахад иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон" гэлээ.

Иргэн С "Би 3-ны өдөр УАК 2806 машинтай явган хүний замаар явж хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Ард түмний шаардлагыг үл ойшоон "Би цагдаагийн алба хаагч" гэж худал хэлсэн. Би цагдаагийн алба хаагч биш. Хувийн байгууллагад ажилладаг. Би Монголын цагдаагийн нэрийг барьсан учир нийт цагдаагийн алба хаагчдаасаа хүлцэл өчиж байна.  Нийт жолооч нараасаа хөдөлгөөндөө соёлтой, дүрмээрээ оролцъё гэж уриалж байна" гэв. 

Зөрчил гаргасан иргэн С-ийг Зөрчлийн тухайн хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу 20 нэгжээр торгож /20 мянган төгрөг/ шийтгэл оногдуулсан байна.

14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
35.2.явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.