УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хэнтий аймагт ажиллах үеэрээ манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой талаар мэдээлсэн нь шүүмж дагуулсан.
Тэгвэл энэхүү тоог тэрбээр санаанаасаа зохиогоогүй, алдаж хэлээгүй гэдгийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэллээ.
Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар авахтай холбоотойгоор тэрбээр үг хэлсэн.
Тэрбээр “Энэ танхимд сууж байгаа эрхмүүдээс нөхцөл байдлыг мэддэг, газар дээр нь очиж үзсэн, өссөн цөөн хүмүүсийн нэг нь би. Батширээт бол Монголын эзэнт гүрний туурь гэж хэлж болохуйц. Биндэр сум 1206 онд эзэнт гүрэн байгуулагдсан. Онон, Хэрлэн, Балж Монголын нууц товчоонд байдаг гурван голын сав газар. Дадал сум Дэлүүн болдог их эзэн Чингис хааны төрсөн нутаг. Баян-Адарга их хатдын нутаг. Норовлин Шихихутагийн төрж өссөн газрыг дамнан урсдаг. Хүмүүс адаглаад гүүглээр хайгаад үзэхгүй хөөрцөглөх юм.
Тэр 400 сая жуулчин гээд намайг баахан шоолсон. Тэрийг би ч хэлчихсэн юм биш. 2017 оны гуравдугаар сарын 8-нд Нэгдсэн үндэсний байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифайтай Д.Оюунхорол сайд бид нар уулзсан. Тухайн үед тэр хүн “Монголыг өнөөдрөөр бодож болохгүй. Монголын эзэнт гүрэн бол Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байсан. Номхон далайн эргээс Хар тэнгис Дунайн мөрний сав газар, Зүүн өмнөд Ази Умард мөсөн далайн Енисей мөрний сав газар хүртэл Монголын эзэнт гүрний газар нутаг байсан юм. Алтан ордны улс, Цагаадайн улс, Ил хаант улс, Юань гүрэн Монголын эзэнт гүрний эзэмшилд байсан. Тиймээс энэ түүхийг үзэхийн төлөө дэлхийн тохоохон аялал жуулчлалын компаниуд, жуулчид Монгол руу ханарах соронзон орон үүсэж магадгүй. Үүнийг зөвхөн одоо байгаа цагаар харж болохгүй. Байгаль орчноо хамгаалах хэрэгтэй” гэж хэлж байсан.
Гэрч нь Д.Оюунхорол сайд. Монголчууд бид өөрсдөө ингэж жижиг сэтгэмээргүй байна” хэмээн тайлбарласан юм.
Манай улсын хувьд өнгөрсөн онд хамгийн их буюу 570 мянган жуулчин хүлээн авсан. Засгийн газраас боловсруулсан урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт 2050 он гэхэд жуулчдын тоог зургаан саяд хүргэхээр тусгасан. Тэгвэл 30 жилд жуулчдын тоог 10 дахин өсгөхөөр тусгасан гэж үзвэл 400 сая жуулчин хүлээн авна гэдэг хэдий хугацаа зарцуулахаар тооцож бодсон тооцоолол гэдэг нь тодорхойгүй байна.
0 Сэтгэгдэл