Ч.Сандаг-Очир: Монгол хүн ажиллаж, бүтээж чаддагийг эндээс харж болно

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгч манай ажлын талбай дээр гурав дахь удаагаа ирж, бидний ажил байдалтай танилцлаа. “Туулын гүүр-Далай” ХХК-ий хувьд төмөр замын дээд, доод бүтцийг барьж байгуулдагаараа   бусдаас ялгардаг.  Дорнын говийн бүтээн байгуулалтад 132,38 метр гүүр барих төслийн ажлыг авч  чанарын өндөр түвшинд  улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна.  Гүүрийн чанарын туршилт амжилттай  хийгдсэн.  Төмөр бетоны орц марк, арматурын сийрэгжилт, дүүргэлт гээд чанар тодорхойлох бүхий л үзүүлэлтүүд дээр  хангалттай сайн гэсэн үнэлгээ авлаа. Манай компани хиймэл байгууламжийн 16 жилийн  туршлагатай. Тэр дундаа төмөр замын хамгийн урт  хиймэл байгууламж болох Туулын гүүр, 12 нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулсан.  Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт гэж хэлж болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд оролцож байгаа минь миний хувьд, компаний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монгол хүн, монгол инженерүүд, Монголын замчид бүтээж чаддаг юм байна гэдгийг эндээс харж болно. Бидэнд хүнд хэцүү өдрүүд байсан уу гэвэл байсан. Говийн үерт автаж, ажил маань хэдэн өдрөөр саатаж байлаа.  Манай талбай дээр гэхэд найман удаа үер орж ирсэн. Тэр тоолонд хийсэн ажлаа дахиж хийх болно. Гэвч бид шантралгүйгээр давж гар­сандаа баяртай байна. Төс­лийн үр дүнд Монгол Улсын эдийн засгийн чадав­хи нэмэгдэж, төсөл нутаг­таа үлдэж байгаа нь юугаар ч хэмжишгүй  үнэ цэнэ юм. Үнэ цэнэ гэсний учир нь төсөл нутагшиж буйд оршино. Хэрэвзээ гадны компаниуд тендерт ялсан бол тоног төхөөрөмж, ажилчдын цалин хөлс гээд төслийн 70 хувь нь эргээд гараад явах байсан. Манайх гэхэд төслийн буянаар 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий өрмийн машин, 70 тоннын краныг 130 саяар,  задгай цемент зөөдөг машиныг 215 сая төгрөгөөр худалдан авч үндсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн байх жишээний.