Д.Сүхбаатар: Ажлаа явуулахын тулд байгаа бүхнээ барьцаанд тавьсан

Нийгэм, Эдийн засаг

/ “Их Богд зам” ХХК-ий захирал/

 Мэргэжлээрээ, эхлүүлсэн ажлаараа бахархаж явдаг. Би 2011 онд ШУТИС-ийг усны барилга байгууламжийн инженер мэргэжлээр төгссөн. Ажлынхаа гарааг “ЗМЗ” хэмээх зам гүүрийн алдартай компаниас эхлүүлсэн. Сайхан хамт олон, чадварлаг инженерүүдээс их зүйлийг сурсан.  Шонхор шувуу жигүүрээ дэлгэдгийн адилаар нэг  өдөр жигүүр ургуулж, “Их Богд зам” ХХК байгуулсан. Манай захирал ажлаа өгөөд явахад  чин сэтгэлийн зөвлөгөө өгч, амжилт хүсч байсан нь  надад маш их  урам зориг хайрласан.  Би их сургуулийн нэг ангийн найз П.Мөнхзоригтойгоо  нийлж компаниа байгуулсан. Залуу хүнд зориг хэрэгтэй  юм байна. Төсөлд туслан гүйцэтгэгчээр оролцох эрх авчихаад ажлаа эхлүүлэхийн тул бид хоёр байгаа бүхнээ барьцаанд тавьсан.  Уйлах шахаж байсан өдрүүд бид хоёрт бий.  Их харгуйн хөндийд тоонотоо дугуйлсан аж ахуйн нэгжүүд бүгд л бие биедээ туслаж, дэмжин нэг хамт олон болж чадсан. Хэн нэг нь  ажлаа түрүүлж дуусгахад  бид очиж үзэн юуг яаж хийснийг нь харна, ярилцана, гарц шийдлээ олж харна. Ингэж ажилласны дүнд алдаа бага гарсан болов уу.

Цаг хугацаа давчуу учраас бидэнд налайж суух эрх байхгүй. Гүүрийн байгууламж бол алдаа гаргах эрхгүй обьект. Гуравхан мм-ийн алдаа гаргахад улсад үнэлж баршгүй хохирол учирдаг. Гүүр бол метрийн даавуу биш шүү дээ.  Дорнын говийн бүтээн байгуулалтад 76 метрийн урттай гурван гүүр барьж ашиглалтад өгөх учиртай. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.  Төслийн буянд бетон зуурмагын  өөрийн гэсэн узель, нүүдлийн контортой  болсон.  Өмнө нь дандаа гэр конторт үйл ажиллагаагаа явуулдаг байсан.  Ирэх жил Баруун-Урт руу тавих төмөр замын ажилд манай компани оролцох бодолтой байгаа. Туршлага байна, бидэнд. Бид чадна. Чадахын төлөө өдөр бүр сурч байна даа.