Я.Дүйнхэржав: Туршилт, тооцоо хоёр таарна гэдэг чинь маш том амжилт  юм

Нийгэм, Эдийн засаг

/ ШУТИС-ийн Барилга, архитектурын тэнхмийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор/

Өнөөдөр бид гайхалтай туршилт харлаа. Эндээс монголын  барилгын салбар, гүүрийн хиймэл байгууламжийн салбар шинжлэх ухаанчаар хөгжиж байгаа юм байна гэж дүгнэж байна?

  • Манай баг ес дэх динамик туршилтыг “Туулын гүүр-Далай” компаний барьсан хиймэл байгууламж дээр хийлээ. Өмнө нь  хориод гүүрэнд статик туршилт хийсэн.

Хиймэл байгууламжийн хөгжил ямар түвшинд явж байна гэж та харж байна?

-Монголд хамгийн анхны бетонон гүүрийг Дорнод аймгийн Хэрлэн гол дээр 1938 онд барьсан гэж Эрхэмбаяр гуай ярьсан, түүнээс хойш модон гүүр барьж байж байгаад 1967 оноос манай  гүүрийн компаниуд өөрсдөө гүүрээ барьж эхэлсэн гээд бодохоор  хөгжлийн чадавхи  олон улсын түвшинд хүрсэн гэж дүгнэж болно.

Аливаа барилга байгууламж хүний нүд хуурсан,  аргацаасан ч байх ямар ч аргагүй болжээ гэдгийг та бүхний туршилт баталлаа. Технологи, орц норм яг горим ёсоороо явж уу гэдгийг шууд л хэлдэг юм  байна. Ийм технологи, туршилт бий болгоход цаг хугацаа хэр зарцуулсан бэ?

-Гүүр барихад хэд хэдэн хяналт тавьдаг. Нэгдүгээрт, ерөнхийд нь материалын орц нормыг мэргэжлийн хяналтын баг хоёрдугаарт, нь зохиогчийн хяналт буюу зураг төсөл боловсруулсан инженерүүд яг өөрсдийнх нь боловсруулсан зургаар хийж байгаа эсэхийг байнга хянаж, шалгах гуравдугаарт, хөндлөнгийн хяналт буюу бидний хийж байгаа хяналт юм. Бид материалын шалгалт хийдэг. Үүнд: бетоны бат бөхийн шалгалт, арматурыг зураг төслийн дагуу хийсэн эсэх, хэв гажилт, ан цавын шалгалтыг хийсний  дараа нь гүүрийн статик туршилтыг хийдэг. Гүүрэн дээгүүр  галт тэрэг явах бол галт тэргээ, авто замын гүүрэн дээр хүнд даацын машинаа байрлуулаад хотойлт,  хэв гажилтын хэмжилт хийдэг. Хамгийн сүүлд нь бидний харсан динамик туршилтыг хийдэг. Динамик туршилт нь аюулгүй ажиллагааны туршилт л даа. Өөрөөр хэлбэл ашиглалтын үеийн хурдаар тухайн замын тээврийн хэрэгслийг явуулж  гүүрийн дамнурууны босоо хэлбэлзлэл, дагуу болон хөндлөн шилжилтүүдийг  маш нарийн багаж төхөөрөмжөөр хэмждэг. Энэ нь тогтсон норм хэмжээтэй, шилжилтийн хэмжээ нормд зааснаас  хэтэрсэн тохиолдолд тэр гүүрийг ашиглаж болохгүй аюултай гэж үздэг. Бид энэ гүүрэн дээр динамик туршилт хийсэн, дээрх үзүүлэлтүүд норм дүрмийн дагуу байж чадаж байна. Бид анх удаагаа л төмөр замын төмөрбетон гүүр дээр  туршилт хийлээ. Зураг төслийн дагуу хийсэн байна. Зураг төслөөр хийсэн тооцоо, хэмжилтүүд туршилттай тохирч байгаа учраас чанарын хувьд сайн баригдсан байна, зураг төсөл сайн хийгдсэн байна гэж үзэж байгаа. Бид гүүрийн динамик туршилтаас гадна барилга, гүүрийн бүтээцийн үл эвдэх сорилын туршилт хийж эхэлсэн. Энэ бол  төмөрбетон бүтээц доторхи зүйлийг томографийн багажаар арматурчлал, хоосон зай, согог,  чанар бүгдийг нь  ил харуулж  хийсэн хүмүүст нь үзүүлж байгаа юм. Бетоны эхо л гэсэн үг. Саяын туршилтаар   энэ гүүрийн төмөрбетон бүтээцийн хоосон зай, завсар чанартай байхгүй, гүүрийн зураг төсөл, мөрдөглөж буй нормын дагуу сайн хийсэн нь харагдаж байна. Бид хамгийн сүүлийн үеийн үл эвдэх сорилын туршилтын багажууд, динамик туршилтын багажуудыг хэрэглэж энэ туршилтыг хийсэн.   Динамик туршилтыг сүүлийн 2-3 жил хийж байна, төхөөрөмжүүд нь дэлхийн стандартад нийцсэн, бидний хийж буй туршилт дэлхийн түвшинд хүрснээрээ  давуу талтай. Гадаад оронд хийж байгаа бүх туршилтуудыг манайд хийх боломж бүрдсэн, хийж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, саяхан шинээр гарсан томографийн багажийг бид өнгөрсөн жил авсан. Динамик туршилтад хэрэглэж байгаа багажууд бол бүгд Япон, Солонгосын  сүүлийн үеийн маш нарийвчлалтай өндөр хэмжээнд хийсэн багаж төхөөрөмжүүд. Энэ гүүрийн газар доорхи шон суурийн бетоны согогын шалгалтыг хэт авианы багажаар шалгасан. Гүүрийн бусад төмөбетон бүтээцүүдийн бетоны бэхжилтийг эхо болон ойлтын багажуудаар, арматурлал, хоосон зай согогыг томогафикийн багажаар шалгасан. Тэгэхээр манай хийж байгаа туршилтыг үндсэндээ дэлхийн хэмжээнд хүрсэн гэж ойлгож болно.

Танай тэнхимийн үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд хүрсэн гэсэн үг үү?

-Тийм, өөрөөр хэлбэл ШУТИС-ийн  барилгын салбарын  натур туршилтын тоног төхөөрөмж бол маш өндөр түвшинд явж  байгаа. Зөвхөн гүүрэнд ч  биш эрчим хүчний барилга байгууламж, үйлдвэрийн барилга байгууламж, ялангуяа Эрдэнэт үйлдвэрийн барилгууд дээр манайх  туршилт хийдэг. Бидэнд барилгын чичирхийллийг  сейсмографын өндөр нарийвчлал бүхий өөр төрлийн багажууд ч байгаа.

Төмөр замын гүүр гэхээр монголчууд чадахгүй, хятадууд л барьж чадна гэж олон хүн бодож байлаа. Магадгүй корона гараагүй бол хятадуудыг л урих  байсан байх. Гэтэл өнөөдөр Монголын төмөр замчид, монгол инженерүүд зураг төслөө гаргаад, өөрсдөө барьсан хиймэл байгууламжийн чанарт  та хөндлөнгийн дүгнэлт  гаргалаа?

-Тиймээ, хятадын компаниуд барих байсан байж магадгүй. Гэхдээ бид их азтай юм. Хийж чадлаа, их ч богино хугацаанд хийлээ. Говьд  бетоны чанар муудах явдал гардаг. Зураг төслийн компани, Монголын төмөр зөм  ТӨХК бидэнд хандсанаар ажлын уялдаа холбоо, хамтын хүчээр бид тодорхой хэмжээний арчилгаа үйлчилгээнүүдийг цаг тухайд нь хийж ирсний  хүчинд бүгд хэвийн ажилласан. Ерөнхийдөө манай барилгын, гүүрийн барилга байгууламж барих, технологи нэлээн сүүлийн үеийн түвшинд очсон байна.  Ердийн гүүр барьдаг байсан бол одоо илүү даацтай, илүү чанартай, илүү хол алслалттай хүчитгэсэн бүтээцтэй гүүр бариад явж байна. Бид уул нь гүүрийн алслал нь 6,10,18 метр л байсан одоо бол харин 20 гаран, 30 метрийн алслалттай гүүр барьж байгаа нь дэлхийн түвшинд ойртож очлоо гэж хэлж болно. Цаашид ч хийх, сурах юм их байгаа. Үүнээс өөр төрлийн гүүр ч бид барих байх гэж  итгэж байгаа. Би гүүрийн зураг төсөл хийдэг хүн биш шүү дээ, харин хүний хийсэн юмыг шалгадаг, гүүрийн аюулгүй байдлыг шалгадаг энэ чиглэлээр нарийн мэргэшсэн хүн юм. Энэ гүүрийн  тухайд аюулгүй байдлыг аваад үзэхэд маш сайн гарсан. Зураг төсөл зохиогчийн хийсэн тооцоо, үзүүлэлтүүд маш ойрхон үр дүн гарч байна. Энэ нь л манай гүүрийг барьсан компаниудын ажил сайн, зураг төслийн компани сайн л байна гэсэн үг. Туршилт, тооцоо хоёр таарна гэдэг чинь маш том амжилт, гайхамшиг юм. Ингэж тохирдог үзүүлэлт бас  ховор шүү.

- Монгол Улсын зөвлөх инженер, Монголын гүүрэн байгууламжийн загалмайлсан эцэг Эрхэмбаяр гуайн бүх тооцоо, гайхамшигтай байсан гэдгийг л хэлэх гээд байна уу даа. Эрхэмбаяр гуай ч гэсэн ярилцлагадаа шинжлэх ухаан технологийг онол практиктай хослуулах нь ямар үр дүнд хүрдгийг Дүйнхэржав багш хэлж өгнө гэж  таныг онцолж байсан?

-Эрхэмбаяр гуайн талаар хэлэхэд  төмөрбетон гүүрийн тооцооны их сургуульд, инженерүүдэд  хэрэглэх анхны номыг бичсэн хүн. Манай сургуулийн оюутнуудад хичээл зааж байсан, өөрөө өндөр  мэдлэгтэй, практик туршлагатай. Энэ хүний багш Гүррагчаа гэж Төрийн шагналтай хүн байсан. Тэр хүнээс нь би бас диплом бичиж байхдаа юм асуудаг л байсан. Энэ хүн чинь дээрээ бас багштай, доороо өчнөөн олон шавьтай болсон. Би энэ хүнээр бахархдаг, би энэ хүний ачаар л  зам гүүрийн салбарт гүн орж ирж чадсан. Гүүрийн төслөө хийчихээд надаар шалгуулах хүсэлт гаргаад  явж байгаа нь надад бас нэг боломж олгож байгаа юм. Энд ажилласнаар би бас  өөрөө өөрийгөө задалж байна шүү дээ, ингэвэл ингэдэг юм байна, ингэж турших юм байна гэх мэт. Бид одоо туршилтаа иж бүрнээр нь хийдэг  болсон гэдэг чинь бидний ажлын холбоо, шинжлэх ухаан, практик, хоёр  нийлж байгаа нь тэр.