Б.Одонхүү: Импортоор авах буудайн хэмжээг эртхэн тогтоовол гурилын үнэ өсөхгүй байхад нөлөөлнө

Нийгэм, Эдийн засаг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах шинжээч Б.Одонхүү ургац, үр тарианы хураалт ямархуу байгаа талаар ингэж ярив. 

-Аль аймагт нөхцөл байдал хүндрээд байгаа вэ. Хурааж авсан тарианы чанар ямархуу байгаа бол?

-Ихэнх аймагт л цастай хүнд байдалд хураалт явагдаж байна. Дорнодын бүс ч цастай байна, Увсын бүс ч адилхан. Цастай, бороотой хүнд нөхцөлд үр тариагаа хураалаа.  

-Энэ жилийн хувьд улаан­буудайгаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэж мэдээлж байсан. Энэ хэмжээнд хүрч чадахгүй байдал үүсэж болзошгүй байна уу?

-Яг одоогоор тэгж таамаглахад хэцүү. Энэ жилийн ургацын балансыг 20 орчим хувиар бууруулж тооцож байсан. Өөрөөр хэлбэл, ийм эрсдэл есдүгээр сард ирэх нь гэж тооцож дүн мэдээгээ гаргасан. Гагцхүү хурааж авч байгаа ургацын маань чанар нь гурилын үйлдвэрт нийлүүлэх шаардлага хангахад хэцүү болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, масс ургацын хэмжээ хүрлээ гэхэд гурил үйлдвэрлэхэд нийлүүлэх буудай нь хэр их гарах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна.

 

...Бэлчээрийн буюу уламжлалт мал аж ахуй тариалангийн бүс нутагт яагаад ч байж болохгүй гэдэг Засгийн газрын тогтоол, хууль нь гарсан. Энэ асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ ажил дорвитой явж өгөхгүй, үр дүн гарахгүй байна...

 

-Нийтдээ гурилын үйлдвэрүүд энэ жил хэдэн мянган тонн буудай авахаар тооцоолсон бэ?

-Одоо гурилын үйлдвэрүүд буудайгаа аваад явж байна. Үйлдвэрүүд бололцоотой бүх л аргаараа тариаланчидтай уулзаад авч байгаа. Аравдугаар сарын 25 гэхэд талбайн ажил  шингэрсэн. Одоо гурилын үйлдвэрүүд ямар хэмжээний буудай авч чадсан тухай тоо баримт тодорхой гараад ирнэ.

Одоо бидэнд хаана хэний буудай чанартай байна, тэрийг нь гурилын үйлдвэр яаж авч байгаа талаарх мэдээлэл ирээгүй байна. Тэгж дутна, ингэж хангана гэж хэлэхэд эрт байна. Ер нь хүндэрсэн байна.

Гурилын үйлдвэрүүд энэ жил 300 мянган тонн буудай авах хэрэгцээтэй гэж байсан. Яг одоогоор шинэ ургацаас гурилын үйлдвэрүүдэд 130 мянган тонн орчим буудай нийлүүлэгдсэн гэсэн мэдээ ирсэн.

-Алдагдал хүлээсэн тариа­ланчид хэр олон байна?

-Ер нь бүхэлдээ  байдал хэцүү байна.   Төв аймгийн хойд нутаг, Архангай, Булган аймгийн урд талыг бүхэлд нь хамарсан хоёр удаагийн цас орсон. Сүүлийн цас Сэлэнгэ аймгийн зарим бүс нутаг, Булган, Увс, Хөвсгөлтэй нийлээд орчихлоо.

Ерөнхийдөө тариалангийн бүх бүс нутагт 2-3 удаа цас орсон. Алдагдал хүлээсэн тариаланчид тэгэхээр олон байна л гэсэн үг.  Тухайлбал,   Эрдэнэсантад 8,600 мянган га талбай зуун хувь цасанд даруулсан. Шагайгаар татсан, 30 см зузаан цас орсон.  

-Тариалангийн бүс нутагт иргэдийг суурьшуулахгүй гэдгээс болж малчид, тариаланчдын дунд маргаан үүсдэг. Энэ асуудлыг цэгцлэх талаар яамнаас ямар бодлого баримталж байгаа вэ?

-Энэ үнэн. Тариалангийн бүс нутагт тэр чигээрээ мал орсон. Гамшгийн хэмжээнд хүрээд байна. Малчдыг буруутгах бас хэцүү. Цас орсон хүйтэрсэн үед зуслан, намаржаан дээрээ байж байх боломжгүй. Тэгэхээр тариалангийн бүс нутаг руу малтай хүнтэйгээ дайраад ороод ирсэн.

Засгийн газрын тогтоолоор тариалангийн бүс нутгуудаар бэлчээрийн мал оруулахгүй гэдгийг зарласан. Тэр бүс нутгуудад зөвхөн эрчимжсэн мал аж ахуй байхаар заасан байгаа.

Тийм учраас бэлчээрийн буюу уламжлалт мал аж ахуй тариалангийн бүс нутагт яагаад ч байж болохгүй гэдэг Засгийн газрын тогтоол, хууль нь гарсан. Энэ асуудлыг орон нутгийн төр захиргааны байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ ажил дорвитой явж өгөхгүй, үр дүн гарахгүй байна.

Малын асуудлаас болоод тариаланчид хурааж чадаагүй байгаа үлдсэн талбайн 40 хувийн талбайнхаа бараг 20, 30 хувь нь малд идүүлсэн байна гэж мэдээлсэн. Энэ бол маш хүндрэлтэй асуудал болж байна.

-Өнгөрсөн жилүүдэд ийм хэмжээний хүндрэл учирч байв уу?

-Өнгөрсөн жилүүдэд ийм намар үзээгүй. 2015, 2017 онд ган болоод ургацаа алдаж л байсан. 370 мянган га тариалаад 200 орчим мянган га хурааж байсан тохиолдол бий. Энэ жил ургац алдагдаагүй. Ургац боломжийн байсан. Харин ургасан ургацаа алдаж байгаа нь харамсалтай.

-Гурилын үйлдвэрүүдээ улаанбуудайгаар хангаж чадахгүй байдалд хүрвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Буудайн ургац хураалтын дүн ямар ч байсан гаргана. Тэр дүн мэдээн дээр балансын тодотгол хийнэ. Хэдий хэмжээний буудай дутна тэр саналаа Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, импортоор авах буудайн хэмжээг тогтоож өгнө.

-Импортын улаанбуудайн үнэ ямар байгаа бол. Хэрвээ импортоор нэлээд хэмжээний буудай авбал одоогийн байдлаас тооцоход гурилын үнэд өөрчлөлт орох магадлалтай юу?

-Манай дотоодын нийлүүлж байгаа буудай, Оросоос авдаг буудайн үнэ ойролцоо байдаг. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалаад нөхцөл байдал өөрчлөгдөж магад.  

Хураалтаа эрт дуусаад тооцоогоо гаргаад эртхэн импортоор авах буудайн хэмжээг тогтоовол гурилын үнэ өсөхгүй байх ач холбогдолтой. Манайхаас ургацын дүнг гаргаад тодотгол хийгээд танилцуулна. Засгийн газраас шийдвэрээ гаргана.

Б.ЦЭРЭН