Монгол Улсын Ерөнхийлөгчид илтгэх нь

Нийгэм, Эдийн засаг

  Монгол Улсын Ерөнхийлөгчид илтгэх нь:   Хиймэл байгууламжид хийсэн туршилт амжилттай боллоо. Төмөр замын  дэд бүтцийг угсарч болно.    

 Илтгэсэн: Төслийн ерөнхий  захиалагч МТЗ

    Төслийн гүүрийн зургийн  автор, Монгол Улсын зөвлөх инженер  Б.Эрхэмбаяр

    Туслан гүйцэтгэгч :  “Туулын гүүр далай” ХХК  

 Замчид аа, дэд бүтцээ угсарч, замын хөдөлгөөнөө нээж болно   

  Уучлаарай эрхэм уншигч авгай минь. Газар дээрээ үйл явдал ингэж өрнөөгүй ч  хэмнэл, дүр зураг нь  иймэрхүү  маягтай.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаач[u1] [u2] илга, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км   төмөр зам” төслийн эхний  үе шат болох хиймэл байгууламж буюу энгийн ойлголтоор төмөр замын трассын дагуу  тавигдах 27 ширхэг  гүүр барих  ажил  төлөвлөсөн хугацаандаа дуусч,   гүүрийн чанарыг шалгах туршилт амжилттай болсон үйл явдлыг дүрсэлж буй миний өнцөг.  Туршилтын  ажил зочдын сонирхлыг ихээхэн татсан гэж хэлж болно.  Хоёрхон сарын өмнө “Энэ гүүрүүд  хэзээ ашиглалтад орно оо,  дам нурууг хүчитгэнэ гэж юу хэлээд байна вэ,  кран ч өргөж дийлэхээргүй юмыг яаж дээш нь гаргах юм бол,  дам нуруунд хүртэл гоо зүй  байдаг байх нь ээ” хэмээн алмайрч явсан өдрүүд ван цэнгээрээ  алсарч,  түүхий сүүний бяслаг шиг өөлөх өөгүй “МТЗ” гэсэн  шошго бүхий  гүүрүүд Их харгуйн  хөндийд   шил даран сүндэрлэж, галт тэрэгний  зүтгүүрүүд  ачаатай, ачаагүй байдлаар,  удаанаас хурдан, хурданаас удаан  хөдөлгөөн рүү шилжин давхилдах нь эгээ л хөвгүүд элсэн дээр тоглож  байгаа юм шиг санагдах юм гээч. Туршилтын багаж энэ тэр нь овор хэмжээний хувьд жижигхэн ч төмөр бетонон ханыг  бидний мэддэг эхо аппарат шиг  нэвт харах нь гайхамшигтай.  Шулуухан хэлэхэд, арматур стандартын дагуу зангигдсан эсэх, дүүргэлт энэ тэрийг арын хаалгадахын аргагүй бодит төрхөөр нь хэлээд өгөх юм билээ. “Аргалаарай хө”хэмээн мянга  танил талын нүүрээ ашиглах гээд  нэмэргүй.  Рентген аппарат “но” хэмээн газар дээр нь бичлэгээрээ харуулж орхино.   

Иймэрхүү дүр зураг бүхий туршилтын үр дүнд дам нурууны хөндлөн  хотойлт  магадлал бүхий үзүүлэлт 5,6 мм гарсан нь  төслийн гүүрийн автор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Эрхэмбаяр гуайн магнайг тэнийлгэсэн үйл явдал болсон.   Эрхэм автор энэ тухайгаа “ Аливаа бүтээн байгуулалт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих учиртай. Ийм хөгжлийн суурийг ШУТИС-ийн багш, шинжлэх ухааны доктор,профессор Я.Дүйнхэржав багш амжилттай тавьлаа.   Туршилтын ажил хиймэл байгууламжийн   зураг төсөлд   ямар нэг алдаа гараагүйг нотолж өглөө. Төслийн туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Туулын гүүр- далай” ХХК ч  ажлаа дүгнүүлж, онц сайн гэсэн үнэлгээ авлаа. Захилагч байгууллага болох МТЗ” компани ч сэтгэл хангалуун байлаа.  Үүнээс илүү амжилт, бахархал гэж хаана байх билээ” хэмээн өгүүлсэн.  Санаачилж, зүтгэсэн ажил нь Дорнын говийг сэрээсэн  үндэсний бүтээн байгуулалт болж чадаж буйг ирэх тоолондоо харж, бахархах  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга туршилтын ажилтай биечлэн танилцаж, бүтээн байгуулалтад оролцож байгаа бүх хүнд талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ  туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай уулзан, тэдний үгийг сонсч урам хайрлаж,  Баруун-Уртын чиглэлд хэрэгжих дараагийн төсөлд урьж байсныг энд онцлох нь хэрэгтэй болов уу. Хэдхэн жилийн өмнө Дорнын говьд төмөр зам тавих нэрээр шороо овоолж тоглосон нөхдүүд хэмээн хэл аманд өртөн байж эхлүүлсэн “Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам” төслийн эхний шат ийнхүү  өндөрлөж, төмөр замын дэд бүтцийг  угсарч, хөдөлгөөнийг нээх л үлджээ. 

 30 минутад 100 м төмөр  зам

 Гайхалтай байгаа биз.  Төмөр зам  угсрах ажил нүд ирмэхийн зуур гээд хэлчихвэл нүдээр үзээгүй нөхдөд  үлгэр шиг сонсогдож мэднэ. “Улаанбаатар төмөр зам” ХНН  төслийн хэрэгжилтэд өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг  маш нарийн зохион байгуулж ирсний үр дүн нь зам угсрах  “тоглоом”.  Зүүнбаян өртөөг тулгуурлан байгуулсан  “Үе угсрах бааз” нэртэй   үйлдвэрлэлийн талбайд  төмөр бетон  дэр модон дээр угсарсан 25 метрийн урттай үеүүдээ тусгай тоноглол бүхий вагоноор  тээвэрлэн  бэлэн  болсон  төмөр замын далан дээр угсрах аж. Эхний 25 метр  төмөр  замаа угсарлаа,   зүтгүүр урагшлан дараагийн 25 метрийг   гэхчилэн 30 минутын дотор 100 метр замыг ядаж зөхөхгүй угсарч  орхих  юм  гээч.   Цагийн хатуу нөмөрчихгүй, энэ эрчээр урагшилбал ч ирэх сарын сүүлээр  галт тэрэг нүүрсээ тээвэрлэхэд асуудалгүй байж мэднэ. Гэвч төмөр замын хөдөлгөөний зохицуулалт гэдэг санаан зоргийнх биш шүү дээ. Өртөө, зөрлөг, дохиолол холбоо,   гээд шийдвэл зохих олон асуудал байж таарна.  Үүнийг Улаанбаатар төмөр замынхан шийдэх тул  энэ тухай  одоо өгүүлэх нь илүүц. Харин МТЗ -ынхан саалиа бэлдэхээр саваа бэлд гэдгээр шинээр ашиглалтад хүлээж авах төмөр зам дээрээ ажиллах боловсон хүчнээ хэдийнэ бэлдээд эхэлжээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв дээр  МТЗ ТӨХК-ий дэргэдэх Мэргэжлийн сургалт  үйлдвэрлэлийн төв хэмээх нэгэн  шинэ боловсролын байгууллага үүд хаалгаа нээсэн харагдана.  Хичээлийн жилийн нээлтийн хонхыг цохиод удаагүй болоод тэр үү хөнжил гудас, чемодан саваа барин аав, ээжээ дагуулсан охид,  хөвгүүд  автобусаас буун сургуулиа  асууж сураглах нь  замчны нарийн мэргэжил эрэлттэй байгаагийн нотолгоо гэлтэй. Одоогоор анги дүүргэлт 100 хувь,  150 хүүхдийн элсэлт авсан тухай МТЗ-ын  хэвлэлийн төлөөлөгч зочдод танилцуулсан. Цагаан цамц, улаан зангиагаар ижилсэн оюутнуудад  захиргаа, удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргал төслийн зорилго, гүйцэтгэлийн талаар танилцуулж,  танилцах дадлагыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгасан.  

 Бидэнтэй Булган аймгийн Хутаг-Өндөр  сумын малын эмч Б.Нансалмаа хэмээх бүсгүй  бага хүү Б.Заяасайханыгаа  тус төвд элсүүлжээ. Хүүгээ мэргэжилтэй болгохын тулд 1200 км замыг туулж, ядарч ирсэн хэдий ч зорьсон ажлаа бүтээсэндээ баяртай байна хэмээсэн.  Ирэх жил эгчийг нь өртөөний жижүүрийн ангид элсүүлэх санаа байна гэж суусан.  Ээждээ үнсүүлээд, “Надад санаа зовох хэрэггүй” гээд хоцорсон Б.Заяасайханыг сайхан ирээдүй хүлээж байгаа.   

 Ч.Сандаг-Очир: Монгол хүн ажиллаж, бүтээж чаддагийг эндээс харж болно

  Монгол Улсын Ерөнхийлөгч манай ажлын талбай дээр гурав дахь удаагаа ирж, бидний ажил байдалтай танилцлаа. “Туулын гүүр-Далай” ХХК-ий хувьд төмөр замын дээд, доод бүтцийг барьж байгуулдагаараа   бусдаас ялгардаг.  Дорнын говийн бүтээн байгуулалтад 132,38 метр гүүр барих төслийн ажлыг авч  чанарын өндөр түвшинд  улсын комисст хүлээлгэн өгөх гэж байна.  Гүүрийн чанарын туршилт амжилттай  хийгдсэн.  Төмөр бетоны орц марк, арматурын сийрэгжилт, дүүргэлт гээд чанар тодорхойлох бүхий л үзүүлэлтүүд дээр  хангалттай сайн гэсэн үнэлгээ авлаа. Манай компани хиймэл байгууламжийн 16 жилийн  түүхтэй. Тэр дундаа төмөр замын хамгийн урт  хиймэл байгууламж болох Туулын гүүр, 12 нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулсан байна.  Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт гэж хэлж болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд оролцож байгаа минь миний хувьд, компаний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монгол хүн, монгол инженерүүд, Монголын замчид бүтээж чаддаг юм байна гэдгийг эндээс харж болно. Бидэнд хүнд хэцүү өдрүүд байсан уу гэвэл байсан. Говийн үерт автаж, ажил маань хэдэн өдрөөр саатаж байлаа.  Манай талбай дээр гэхэд найман удаа үер орж ирсэн. Тэр тоолонд хийсэн ажлаа дахиж хийх болно. Гэвч бид шантралгүйгээр давж гарсандаа баяртай байна. Төслийн үр дүнд Монгол Улсын эдийн засгийн чадавхи нэмэгдэж, төсөл нутагтаа үлдэж байгаа нь юугаар ч хэмжишгүй  үнэ цэнэ юм.  Үнэ цэнэ гэсний учир нь төсөл нутагшиж буйд оршино. Хэрэвзээ гадны компаниуд тендерт ялсан бол тоног төхөөрөмж, ажилчдын цалин хөлс гээд төслийн 70 хувь нь эргээд гараад явах байсан. Манайх гэхэд төслийн буянаар 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий өрмийн машин, 70 тоннын краныг 130 саяар,  задгай цемент зөөдөг машиныг 215 сая төгрөгөөр худалдан авч үндсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн байх жишээний.

        

 

 


 [u1]Га,

 [u2]