Д.Нямхүү: Ачааны тэрэгний жолоочоос коронавирус илэрлээ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.10.23/ гаргасан коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өгөв.

Тэрбээр "ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 1053 хүний сорьцод шинжилгээ хийхэд нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Энэ нь аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны тэрэгний жолооч, 35 настай Монгол иргэнд илэрлээ. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 328-д хүрснээс 312 хүн эдгэрсэн. Эдгэрэлт 95 хувьтай байна. ХӨСҮТ-д өдгөө 16 хүн эмчлэгдэж байгаагаас 12 нь хөнгөн, дөрвөн өвчтөн хүндэвтэр байна" гэв. 

Монгол Улс томуугийн эсрэг 509500 хүн/тун вакцин оруулж ирснээс 440 мянга гаруй нь хийгдсэн. Хамралт өндөр байна, ямар нэгэн урвал, хүндрэл гарсан тохиолдол гараагүй. Вакцин хийлгэсний дараа хөндүүрлэх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эмчийн үзлэг маш чухал байдаг.

Хяналтын 20 дахь хоног дээр халдвар илэрсэн мэдээ үнэн. АНУ-ын Сиэтл хотоос аравдугаар сарын 1-нд ирсэн хүний эхний шинжилгээ сөрөг гарсан. Түүнээс 13 дахь хоног дээр авсан шинжилгээ мөн сөрөг гарсан бол 20 дахь хоног дээр сүүлчийн шинжилгээ авахад эерэг гарсан. Тухайн өвчтөн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа гэв.