Д.Пүрэвдаваа: УИХ-ын гишүүн Хотын даргын албыг давхар хийх хууль эрх зүйн боломжгүй

Улс төр

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваатай улс төрийн хүрээнд болсон зарим  үйл явдлуудын талаар ярилцлаа.

-Баянгол дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Ган­баатар МАХН-аас сон­гогд­сон Э.Магнайбаяртай то­хирч, өөрийн намдаа элсүүл­сэн нь олон хүний шүүмж­лэлийг дагуулаад байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Миний байр суурь бусадтай адил. Энэ бол ёс зүйгүй үйлдэл. Улс төрийн соёл гэж байх ёстой. Хэрвээ олон намын төлөөлөл иргэдийн төлөөлөгчдийн хурал юм уу, парламентад бүрдсэн бол хамтран Засгийн газар, эвслээ байгуулах шийдэл нь хуулийн орчинд бий. Гэтэл иргэдээс санал авч сонгогдсоны дараа зөвхөн хувийн эрх ашгаа бодож, намаа сольж байгаа нь иргэдийн саналыг үнэгүйдүүлж байгаагийн илэрхийлэл гэж харж байна. Маш харамсалтай санагдаж байна. МАХН-ын нэг гишүүн Ардчилсан намтай эсвэл Монгол ардын намтайгаа ч юм уу эвсч, хамтарсан Засгийн газар байгуулж болно шүү дээ. Энэ бол улс төрийн ёс зүй, соёл. Гэтэл хамгийн соёлгүй нөхөр сонгогдож, өөрөө тийм ёс зүйгүй шийдвэр гаргаж байгаа нь маш харам­сал­тай. Тэр гишүүнээс илүү­тэй МАХН харамсч байгаа болов уу.

-Монгол Улсын экс ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Ард­чил­сан намын гишүүнчлэлээ сэр­гээж байна. Түүний энэ үйлд­лийг ирэх 2021 оны Ерөн­хий­лөг­чийн сонгуульд нэр дэв­ших нь гэж харж болох уу?

-Ардчилсан намын үйлчилж буй дүрмийн хүрээнд намаасаа гарсан залуус буцаад элсч орох тохиолдол байгаа. Өнөөдөр хэн ч Ардчилсан намын гишүүнээр эл­сэхэд бүрэн нээлттэй. Ямар нэ­гэн сахилгын шийтгэл, дүр­мийн зөрчил гаргаж, тодор­хой хугацаатайгаар намдаа эргэн орох нөхцөл тавиагүй л  бол гишүүнчлэлээ сэргээх эрх нь нээлттэй байдаг.

-Ардчилсан нам энэ удаа­гийн орон нутгийн сонгуульд най­ман суудал авсан. Хэр хүч­тэй сөрөг хүчин байж чадах вэ?

-Нийслэлийн Ардчилсан намын төлөөлөгчдийн тоо 11 байснаа найм болж буурсан. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлсөн. Нийслэлийн хэмжээнд нийт 900 орчим мянган сонгогч байдаг. Үүний 22 хувийн саналыг авсан улс төрийн хүчин маань 100 хувийн эрхийг авч байна гэсэн үг. Нэгдүгээрт, иргэд сонгуульд маш идэвхтэй оролцсонгүй. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуульд эрх баригч нам маш сайн тооцоолол хийж, өөрсдөдөө давуу байдлыг бий болгосон.

Жишээлбэл, орон нутгийн сонгуулийн дуусах хугацаа оройн 22.00 цаг байсныг 20.00 цаг болгосон, ирцийн 50 хувийг болиулж, хуульд өөрчлөлт орууллаа. Мөн дээрээс нь дүүрэг, нийслэлд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нь Улсын их хуралд нэр дэвшигчдээс хамаагүй бага мэдээлэл авах эрхтэйгээр хуульчилсан. Тиймээс төр барьж байгаа нам өөрсдөдөө давуу байдал тогтоож, орон нутгийн сонгуулийг намар зохион байгуулсан нь давуу тал болсон гэж харж байна.

-Эрх баригч намаас шинэ хотын даргаар УИХ-ын ги­шүүн Д.Сумъяабазарыг нэр дэвшүүллээ. Таны хувьд хотын даргын томилгоог юу гэж харж байна вэ?

-УИХ-ын гишүүн хотын даргын албыг хийх давхар хийх хууль эрх зүйн боломж байхгүй. Хотын даргаар томилогдвол УИХ-ын ги­шүү­нээсээ татгалзах болох байх. Ингэснээр Сонгинохайрхан дүү­рэгт нөхөн сонгуулийг зохион бай­гуу­лах ёстой болно. Иргэд тухайн тойргийнхоо сонгогдсон тө­лөө­лөг­чөөрөө дамжуулан өөрс­дийнхөө дуу хоолойг хүргэх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улсад нам төвтэй төр бий болчихжээ. Та бүхэн санаж байгаа бол 2016 онд МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж, нийслэлийн нэг ч хүнээс сонгогдоогүй хүнийг хотын даргаар томилж байсан. Түүнтэй адил Д.Сумъяабазар гишүүн Улсын их хуралд сонгогдсон ч орон нутгийн сонгуульд өрсөлдөж, мөрийн хөтөлбөрийн гарц шийдлээ танилцуулаагүй. Монгол Улсад жинхэнэ ардчилал алга. Хуучин коммунизмын тогтолцоотой адилхан намын шийдвэрээр хүмүүс нь томилогдож байна. Өмнө нь Су.Батболд гэж хүнийг МАН-аас Хотын даргаар томилсон. Тэр хүн иргэд рүүгээ ажиллаагүй, намдаа ажилласан. Одоо Д.Сумъяабазар намынхаа Удирдах зөвлөлөөр томилогдоод орж ирвэл иргэдийн төлөө ажиллах хөшүүрэггүй болно.

-Орон нутгийн сонгуульд Ард­чилсан нам ялалт бай­гуулж чадсангүй. Намын дар­гын хувьд хариуцлага хүлээх үү?

-Намын дарга, үүрэг гүйцэтгэгч гэж хоёр ялгаатай ойлголт. Манай намын дүрмээр бүх гишүүдээсээ сонгогдсон намын дарга дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрхээ  хэрэгжүүлдэг. Миний хувьд хоёр сарын хугацаатай үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Ардчилсан намын их хурал арваннэгдүгээр сарын 16-нд их хурлаа зохион байгуулж, дүрэмдээ өөрчлөлт оруулна. Тэр дүрмээрээ хэрвээ үүрэг гүйцэтгээд муу үр дүн авч ирсэн дарга дахин нэр дэвших эрхгүй гэвэл тэр дүрмээрээ л явна.

Я.Монгол