Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулна

Улс төр

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. 

Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хуулийн дагуу УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх юм. Тэрбээр гишүүнээсээ чөлөөлөгдсөнөөр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу СХД-д нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдэж байна. Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар өгөв. Тэрбээр “Манай намын дүрэмд намын дарга Засаг дарга юм уу Ерөнхий сайд болдог зарчим бий. Гэхдээ олны итгэл авсан парламентын гишүүн хүн Нийслэлийн Засаг даргад нэр дэвшвэл яах вэ гэдэг асуудал байна.

Ерөнхий сайд Хотын даргад томилсон шийдвэр гарсан даруйд УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ хэлэлцээд мэдээж чөлөөлнө. Улстөрийн шийдвэр гарсан учраас дэмжинэ. Дараа нь нөхөн сонгууль явагдана. Сонгууль жилд хоёр удаа явагдаж байгаа. Зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд сонгууль явагдана. 

УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой” гэв. 

Б.БАТ