ЗАМЫН ТАМГА АТГАГЧ ЭРХ ЗҮЙЧ, МЕХАНИК

Улс төр

Хэн нь хэн бэ

Хамгийн их мөнгө яригддаг атлаа, хамгийн их нам гүм байдаг салбарын нэгд улиран ажиллаж байгаа энэ залуу бол Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар улиран томилогдсон жаатай аавын хүү С.Батболд. 2019, 2020 оны хоёр Засгийн газарт Монголын Зам тээврийн хөгжлийн яаманд төрийн нарийн бичгийн даргаар ажиллана гэдэг нас залуу цус шингэн нөхдөд тэр бүр олдох завшаан биш.

Гэхдээ, азтай аавын хүүд бол алган дээр нь байж л байдаг ёндоо болсон энэ албан тушаалд зүтгэж буй С.Батболдын хувьд 2019 оны нэгдүгээр сард анх томилогдож Я.Содбаатар сайдаасаа ажлаа хүлээж авч байсан бол 2020 оны найман сард мөн л эрхэм сай­даасаа уг албан тушаалыг мөнгөн аяга, цэнхэр хадгийн хамт авч таарав. Ёс­той тавилан юм даа гэмээр байгаа биз.

С.Батболд нь авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй юм байна. 2012 оноос Зам тээврийн яаманд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад суга дэвшсэн түүний хувьд Төрийн албанд 15 жил ажилласан намтартай.

Завхан аймгийн Улиастай суманд 1970 онд төрж, 1988 онд Завхан аймгийн нэгдүгээр дунд сургуулийг,1992 онд Цэргийн их сургуулийг Авто ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Харин 2006 онд Тагнуулын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Батлан хамгаалахын их сургуульд Магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Сингапур улс Тээврийн төлөвлөлтийн чиглэлээр, 2011 онд Бүгд Найрамдах Солонгос улсад аюулгүй жолоодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Монгол Улсын Зөвлөх инженер. 

С.Батболд нь 1992-1993 онд Ардын цэргийн 133 дугаар ангийн орлогч дарга, 1993-1994 онд “Шандаст хүлэг” ХХК-ийн Механик инженер, 1994-1998 онд “Хан-Уул хайрхан” хоршооны механик, 1999-2002 онд “Пок” ХХК-д багш, 2002-2005 онд “СКА”-ийн захирал, 2005-2009 онд Зам, тээвэр, аялал, жуулчлалын яамны харьяа Тээвэр үйлчилгээний төвийн ахлах инженер, Хяналт шалгалтын албаны дарга, 2009-2012 онд Автотээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам, тээврийн яаманд Ахлах мэргэжилтэн, 2016-2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар, 2019 оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж бай­гаад улираан томилогджээ.