НАМ ДАГАВАЛ АМ ТОСДОНО

Улс төр

Хэзэний малч удмын монголчууд “Мал дагавал ам тосдоно” гэж хүүхэд багачууддаа сургасаар ирсэн. Харин өнөө цагт хэн нэгэн нь ил цагаан хэлэхгүй ч “Нам дагавал ам тосдоно” гэдэг сургааль бий болж. 

Иймдээ ч улс төрийн намууд олон жилийн түүхтэй, олон зуун мянган гишүүнтэйгээ бахдан мэдээлж, наашаа гэсэн бүхнийг хаман авч гал улаан батлах гардуулах нь гайхамшигтай. МАН гэдэг нам түүхийнхээ туршид намд элсүүлэхдээ орлогчийн нэг жилийн хугацаа өгч, тусгай батлах гардуулан “хянаж, нягталж” нарийн шигшүүрээр шигшдэг байсан нь ч бүр мартагдсан. Нэг дор зуу зуугаар нь л элсүүлэн батлахаа зүгээр л цагаан сарын бэлэг шиг түгээдэг болсон. 

“Өнөөдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдөр. Жил бүр энэ өдрийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд МАН түүхт 98 жилийн ойн баярын өдрөө 98 шинэ гишүүн элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. 2019 оны гуравдугаар сарын 01” гэсэн мэдээ олон нийтийн сүлжээнд байж л байна. 

МАН гэдэг энэ намыг дэмжиж, дарга даамлуудаас нь бат илэрхийлэх гардан авч байгаа энэ хүүхэд залуучууд үнэхээр намын, “улс орноо хөгжүүлж, ард түмнээ цэнгэлийн манлайд хүргэх”бодлого, зорилтыг нь уншиж ойлгож, ухамсарлан энэ бүхнийг нь хэрэгжүүлэхэд оюун ухаанаа дайчлан оролцох гэж ингэж яаран намд элсч байна уу......???

Монголын улс төрд зонхилох үүрэг гүйцэтгэж байгаа МАН, АН гэсэн хоёр том намын үзэл, бодлого чиглэлийг яг таг уншиж ойлгоод “энэ нам л үнэхээр улс орноо хөгжүүлэх юм байна”хэмээн сонголтоо хийж байна уу, манай нэрт сэтгүүлч Б.Дашрэнцэнгийн бичсэнчлэн “Зүүний” гэдэг нь зүүн талд, “барууны” гэдэг нь баруун талд байдаг гэж ойлгоод байна уу. Улс төр, намын үзэл баримтлал гээд том ярихаа байя гэхэд энэ залуус энэ намуудынхаа үүх түүх, монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, үйлийг сайн мэдэх үү. Бүтэн зууны түүхтэй гэх МАН гэхэд л байгуулагдсаныхаа дараагийн хоёр дахь оноос Ерөнхий сайд Д.Бодоог буудан алаад энэ хэлмэгдүүлэлт 1970, 80-аад он хүртэл үргэлжилж 30 гаруй мянган хүнийг буудан хороож, монголын үе үеийн олон сэхээтнийг хорьж цагдаж, цөлж шийтгэж байсныг уншаа болов уу. 

Эсвэл өөр зүйл, учир шалтгаан, алсын бодол  байна уу.

Юу гэвэл...улс төрийн нам дагаж, энд тэндэх арга хэмжээнд нь дарга нарын цүнх барьж гүйгээд байвал амжиргаатайгаа залгачихдаг юм байна гэсэн үзэл сүүлийн жилүүдэд их газар авч байгаагийнх. Өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар, Ж.Энхбаяр....гээд олон хүн нэгэн цагт Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо/МАСЗХ/, сүүлдээ Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ гэдэг байгууллагаар дам­жиж Н.Энхбаярын нүдэнд өр­төх гэж “даргаа, даргаа” хэмээн хойно өмнөө орон гүйл­дэж л явсан улс. Иймдээ ч тэд өнөөдөр хоолтойгоо залгаж энд тэнд, дотоод гадаадад хэдэн тэрбумаар үнэлэгдэх харш хаустай болчихсон. Тэр ч бүү хэл хууль бус  өдий төдий хэрэг зарга болоход нь ард нь МАН гэдэг асаалттай том танк байж байгаад ял зэмгүй мулталчихдагийг хойч үеийн залуучууд хараад л сууж байгаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэхэд л Хадгаламж банкны мөнгөөр Солонгост казино тоглосон хэргээр 2014 онд шүүгдэж ял авчихсан байсан атлаа өнөөдөр харин ч улам дээшээ өгсөөд явж байгааталаар хэвлэлээр хэчнээн их шуугив даа. Энэ нь залуучуудад “энэ МАН-ыг дагавал....” гэсэн “сургамж” болохгүй гэж үү. УИХ-ын гишүүд бараг бүгдээрээ Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн зээлийг давуу байдлаа ашиглан аваад банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан мөнгө хүүлж байсан нь илэрсэн ч нэг нь ч хариуцлага хүлээлгүй хөлжиж авсныг бас энэ залуучууд сонсоогүй өнгөрсөн гэж үү. 

Капитал банкыг дампууруулж төрийн 300 гаруй тэрбум төгрөгийг завшчихсан УИХ-ын гишүүн Д.Ундармаа гэж нэг тод жишээ байна. Энэ их мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн идэж завшчихаад “надад нэг ч төгрөгийн хөрөнгө байхгүй” гэсэн алдарт үгээ хэлж байгаад хоёр жил гаруйхны ял аваад явж байгаа хүнийг энэ хаваржингаа л “хоёр жил сууж гарч ирээд тэр олон зуун тэрбум төгрөгөө идээд хэвтэнэ дээ” гэж бичсэнийг өнөөдөр МАН-д элсч байгаа тэр хүүхдүүд сонсоогүй, уншаагүй гэж бодно уу. 

“УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гэхэд л 2015 онд жилийн 14 сая төгрөгийн орлоготой байж. Гэтэл нэг жилийн дараа 2016 онд УИХ-ын гишүүн болоод гэр бүлийн орлого нь 156 сая болж өссөн байна. Энэ байдлаар тэдний гэр бүлийн орлого 2015 онд 30, 2016 онд 70, 2017 онд 357, 2018 онд 461 сая төгрөг болох замаар өсчээ” гэсэн мэдээллийг энэ залуус олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайтуудаас уншаагүй гэжүү....Нам дагаж далдаганах, сурвалжлагч байхаасаа л дарга нараас салдаггүй байсны ач тус ийм байдгийн бэлээхэн жишээ энэ биш үү. 

“Хуульч эрхзүйч мэргэжилтэй, энэ чиглэлээр суралцаж байгаа 50 залуу МАН-д элсч бат илэрхийлэх гардан авлаа” гээд л als.mn сайт энэ 2020 оны зургадугаар сарын 16-нд мэдээлж. Хуульчид, хуульч болох гээд сурч байгаа залуус яагаад МАН-д ингэтлээ хайртай дуртай болов. 

Нэгд өнөөдөр хуульчид шиг хамгийн их авлига авч хөлждөг ажил мэргэжил цөөн. Нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн шүүгчид дунд байсныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Д.Лүндэндорж нь “энэ олон шүүгч дотор тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн байж болдоггүй юм уу” хэмээн өмгөөлж байлаа. Нөгөө талаар авлига  авсан нь илэрч асуудал үүсэхэд ард нь мөн л асаалттай танк МАН байх хэрэгтэй учраас тэр. Өнөөдөр авлига авсан гээд байгаа шүүгч, хуульчдаас хэд нь ял шийтгэл хүлээсэн юм. Чоно ойрынхдоо өлзийтэй гэгчээр зүгээр л өнгөрдгийг энэ 50 залуу ойлгоод байна.

Энэ бүхэн бол дээд зиндааны хэсэг. Ингэтлээ дээшээ явдаггүй юм гэхэд дунд доод шатандаа ч МАН-ын гишүүн байна гэдэг хэр хэмжээндээ таарсан хаялгатай. Сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар гэхэд л Увс аймгийн МАН-ын хороо “Орон нутгийн сонгуульд нэр дэвшээд ялбал 300 сая төгрөгийн тендер өгнө” гэсэн албан бичиг нэр дэвшигчиддээ өгсөн нь ил болж шуугиан тарьж байлаа. МАН хэзээний сурснаараа  зохиомол бичиг, эвлүүлэг гээд л байсан. Үнэн ч бай, худал ч бай албан бичгээр биш юм гэхэд ам тохироо, амлалт байсан л байж таараа. Энэчлэн тендер, зээл гээд өнөө л ЖДҮ шиг аймаг сумын ИТХ-ын гишүүд түрүүлээд авдгийн нэг тод жишээ. Ах дүү, хамаатан садан найз нөхөддөө тендер аваад өгнө, өнөөдөр улс даяар хавтгайраад байгаа халамж үйлчилгээнд тэднийгээ хамруулна.

Үүний дараах буюу хамгийн доод түвшинд намын батлах өвөртөлсөн дэмжигчид гэж бий. Тэдний хувьд сонгууль гэдэг дөрвөн жилд нэг тохиох томоос том саалийн үнээ, ёстой л хөлд нь хий оруулж гүйлгэнэ. Тэд өөрөө ч сайн ойлгоогүй зүйлийг өнгө үнэртэйгээр ярьж, сайн таньж мэдэхгүй нэгнийг өөрийн нь л намын бол тэнгэрт тултал нь магтан сайшааж, сонин сэтгүүл тарааж гүйснийхээ хишгийг хүртдэг үе. За тэгээд тэр хүн нь ялчихвал ажлын хөлсөө авахын дээр, жинхэнэ, хуурамч нь  хамаагүй  нэг дээд сургуулийн дипломтой бол дүүрэг, хороонд нэг “аятайхан” ажил ч юу магад. Тэнд дөрвөн жил суухад УИХ-ын гишүүд, Нийслэл дүүргийн засаг дарга, ИТХ-ын гишүүд шиг биш юм гэхэд өөрийн хэр хэмжээндээ таарсан авлигаар хөөрхөөн хөлжөөд авна. Санхүү, эдийн засгийн мэргэжилтэй нь бол бүр томроод татвар, гааль, мэргэжлийн хяналт гээд жинхэнэ авлигын “саалийн үнээ”-нд ажилд орно. Бүүр доод шатных нь бол дөрвөн жилдээ халамж, тусламжаас хоцрохгүй баталгаатай болно. Ядахнаа л хэсгийн ахлагч болно шүү дээ.....

Чухам иймдээ л улс төр бүү хэл, өөрийгөө ч бүрэн таньж мэдээгүй багацуул хүүхдүүд намд, МАН-д бөөн бөөнөөрөө элсэн “тангараг” өргөж яваа нь үнэн. 

Харин У.Хүрэлсүх тэргүүтэй дээд язгууртан ямбатны хувьд бол энэ хүүхдүүд зүгээр л хурууны хүүхэлдэй. Юугаа ч мэдэхгүй тэд зүгээр л суу гэсэн газар сууж, бос гэхээр босч, намын нь тугийг барин гудамжаар “МАН л биднийг аварна, МАН-ын төлөө саналаа өгцгөөе”- гэж хашгиран явцгааж байх нь хэрэгтэй. Тэдний хүчээр худал үнэн амлаж байж төр засгийн эрхийг авсан байхад үгсэн нийлж жинхэнэ өрөм болох тэрбум, тэрбумаар  нь идэж завшчихаад хусам төдий хэд гурван төгрөгийг нь тэр олон хүүхэд залууст  хаяж өгнө. Бүр нэг ичих нүүрэндээ илэг нааж, дарга нарт ойртон, цүнхийг нь барьж, гутлын тоосыг арчин үдээсийг нь уяж өгдөг цөөн хэд нь хожмын Ц.Сундуй, У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Амарбаясгалан болно. Өнөөдөр ч тэр цүнх баригч­дын нүдэнд энэ хүмүү­сийн га­даадад бариулсан харш хаус, ал­бан тушаал нь хараг­даад л гүйж яваа. 

“Нам дагавал ам тосдоно” гэдэг манай ирээдүй үеийг буруу л замаар хөтөлж, эрдэм сурч боловсрол мэргэжил эзэмшихээс илүү чухал болсон нь харагдаад л байх юм даа. 

Х.ӨЛЗИЙ