А.Дашпэлжээ: “Би ч маршлаа олжээ” гэж хэлчихээд С.Удвал гуай яваад өгсөн

Соёл урлаг, Спорт

Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Адилбишийн Дашпэлжээг танихгүй, мэдэхгүй хүн ховор. Монгол Улсын Ардын жүжигчин тэрбээр тайз, дэлгэцнээ бүтээсэн олон дүрээрээ өөрийгөө таниулж, мөнхөлсөн хүн. Нэг айлын  “Гурван гавьяат” хэмээн эгч, дүү хоёртойгоо хамт өргөмжлүүлж явсан түүнийг одоогоос зургаан жилийн өмнө “Ардын жүжигчин”  хэмээх өндөр цол хэргэм хүртэхэд уртын дуу шигээ уужим, цээл говь нутгийнх нь намхан бор толгод нь хүртэл өндөлзөж угтсан буй за.  Дуурийн театрын тайзнаа тоглосон дэлхийн сонгодог дууриудын гол дүр, олон сайхан түүхэн киноны дэлгэцэнд мөнхөлсөн дүрээрээ нэрлэгдэж явдаг, авьяас билгийн их ундарга МУАЖ А.Дашпэлжээг “Монголын мэдээ” сонин “Гарын үсэгтэй ярилцлага” танхимдаа зочноор урив.

 

-Сайхан намаржиж байна уу, Дашпэлжээ гуай. 

-Сайхан намаржиж байна. Тарган сайхан намаржиж байна уу.  Ажил алба нь тавлаг сайхан  уу ?

-Донровын Намдагийн “Цаг төрийн үймээн” романы  Балданцэрэн гүнгийн дүр Таны  тайз дэлгэцийн урлагт бүтээсэн хэд дэх дүр байв. Энэ бол т тайз дэлгэцийн урлагт бүтээсэн Таны хамгийн сайхан дүрүүдийн чинь нэг байх гэж бодож байна. Яагаад гэвэл, Балданцэрэнгийн дүрээр Монгол Улсын тусгаар тогтнолын хувь заяаг маш сайн гаргаж өгсөн. Таны энэ дүрээс ярилцлагаа эхэлье.  

-Монгол хүн бүрийн мэддэг сайхан романыг С.Жаргалсайхан маань кино зохиол болгож бичиж, Б. Бадар-Ууган найруулж, Г.Маш зургийг авч “Төрийн сүлд өршөө” гээд таван ангитай кино хийсэн юм. Уран бүтээлч хүний хувьд  би дотроо энэ кинонд тоглосныгоо хувь тохиол гэх юм уу, нэр төрийн хэрэг гэж боддог.

Монголчууд эртнээсээ л тулгамдсан зүйл дээрээ “Төрийн минь сүлд өршөө”,    хэрэггүй юм хийж байгаа үедээ “Ямар албатай биш” гэж  хэлдэг. Энэ нь төрийн алба бол хэн ч зөрчдөггүй, хэн ч хойш тавьдаггүй тийм сахилга бат, дэг журамтай гэдгийг агуулсан маш том санаа шүү. Төрдөө тийм үнэнч байх, төрдөө сүсэгтэй байх тийм үзэл миний оюун ухаан, хүмүүжилд нөлөөлж иржээ гэж би хувьдаа боддог юм. Тэгтэл хувь тохиолоор “Төрийн минь сүлд өршөө” кинонд Балданцэрэн гүний дүрийг бүтээх аз таарсан. Үүндээ бол их баяртай байсан ч дотроо бас “Алдаатай юм хийчих вий” гэсэн болгоомжлолтой, бас нэлээд эмээж байсан. Яагаад гэвэл, өчнөөн зуун жил төрөө дээдлэн ирсэн өв уламжлалыг өчүүхэн жаахан юмаар гажуудуулчихвал яана аа гэсэн айдас байсан. 

-Балданцэрэн гэдэг хүн бодит хүн байсан уу эсвэл Д.Намдаг гуай зохиолдоо   гүнгүүдийн төлөөлөл болгож уран сайхны аргаар гаргаж ирсэн дүр юм болов уу ?

-Уг нь бодит дүр юм гэнэ лээ. “Бараг манай тухай шахуу юм шүү дээ” гэж Намдаг гуай өөрөө нэг удаа хэлж байсан юм. Яг бодит хүн нь ямар нэртэй, ямар хүн байсныг нь сайн санахгүй байна. 

-Бүтээл амилуулах, дүр бүтээх гэж  нэлээд их судалгаа хийнэ биз. Балданцэрэн гүний дүрийг бүтээхэд Танд юу хамгийн их хэрэг болов?

-Миний хувьд судлаад сүйд болсон юм гэж шалихгүй дээ. Төрөө дээдлэх, хүндлэх асуудалд миний хувьд их ойрхон байсан юм уу даа гэж боддог юм. Тэр том хүний, төрийн их хүний дүрд тоглох дүр авчихаад  “Цаг төрийн үймээн” романаа өөрийн ширээний ном болгосон доо. 

-Таны төрөлх зан, чанар Балданцэрэн гүнгийнхтэй нэлээд ойр, дүйж байсан юм уу ?

-Ёстой мэдэхгүй юм. 

-Ингэж онцолж асуусны учир нь хайр сэтгэлийн тухай цухас гардаг өгүүлэмжийг Та маш гоёоор гаргаж ирсэн?

-Ерөнхийдөө төрийн алба хашиж байгаа хүн мэдээж, цаг зав муутай л байж таарна аа даа. Гэхдээ төрийн алба хашлаа гээд хүний амьдралаас хол явж чадахгүй шүү дээ. Балданцэрэн гүнгийн хувьд албанаасаа болоод нас нь их оройтсон ч гэсэн их үнэнч шударга, цэвэр ариун, үлгэр жишээ хайраар хайрлаж байсан байх. Би бол тухайн үедээ тэгж ойлгож байсан. Тэр байтугай   төрийн том зүтгэлтнүүд олон насны зөрүүтэй бүсгүйд дурласан, хайр дурлалын түүх цөөн биг л байдаг. Тэгэхээр нэг талдаа хүний амьдралын асуудал, нөгөө талдаа маш их ачаалал үүрч яваа хүний хувьд хүссэн ч эс хүссэн ч хүрээд ирвэл хайрлахаас өөр үггүй, хайрлаж хамгаалахаас өөр аргагүй байх л даа. Тухайн үедээ тэгж л бодож бүтээж байсан. Тэр л ойлголтоо шингээж, бусдад хүргэж чадсан бол надад их сайхан байна. 

-“Мандухай цэцэн хатан” киноны Өнөболд ван бол Таны гайхалтай дүрүүдийн нэг. Хайр сэтгэлийн өмнө Ван ч гэсэн бууж өгч байгаа эгэл  монгол эрийн дүр байдаг. Тэр хүн бол бас л том төрийн зүтгэлтэн хүн.  Та тэр дүрийг ч сайхнаар гаргаж, бүтээсэн хүн. Харин Өнөболд ван, Балданцэрэн гүн хоёр цаг хугацааны хувьд зөрлөг нь ямар байсан бэ ? Та хэний нь дүрийг түрүүлж бүтээсэн билээ ?

-Мандухайд тоглосныхоо дараа “Төрийн сүлд өршөө”-д тоглосон. Ер нь бол “Төрийн сүлд өршөө” киног тухайн цаг үедээ “Их тэнгэрийн ам”-анд төрийн томчууд үзээд, Ерөнхийлөгч байсан П.Очирбат “Сайн кино болсон байна. Сайхан ч кино болж. Төрийн албанд орж ирж байгаа залууст  орохоос нь өмнө үзүүлж баймаар кино болж гэж хэлж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Гэхдээ тэгж үзүүлээд байсан юм бол байхгүй юм шиг байна лээ. Тэр байтугай, сүүлийн үед зурагтаар ч гарахаа байсан харагдана лээ. Ер нь бол гаргаж байгууштай кино гэж санагддаг юм. Харин Өнөболдын хувьд бол бас л төрийн хүн юм шиг мөртлөө Балданцэрэн гүнээс их зөрүүтэй л дээ. Хасарын удам учраас хаан болбол ч болчихоор, бас л өнөө цагийнхаар бол фракцитай байсан хүн. Өөрөө ч бас хаан болъё гэж бодогдохоор, цаг үе нь таарсан хүний тухай дүр. Энэ хоёр тухайд бол  нэг нь арай номын ч гэх юм уу төлөв даруу, нөгөө  нь том удамтай, цөс ихтэй хүний дүр байсан. Нийтлэг нэг чанар нь бол монголчууд нэг ярьдаг даа “Цаадахь чинь ч эр хүн шүү”   Тийм л зан чанартай хоёр хүний дүр дээ. 

-Таны дараагийн гайхалтай дүр бол Маршал. Маршал Чойбалсан гуайн тухай киног үзээд “Үнэхээр ийм л хүн байсан байх даа” гэж төсөөлдөг. Бас түүхийн гажуудалтай он жилүүд байсан учир Таны бүтээсэн дүрээс л тэр хүний  үйл хэргийн тухай,  түүний мөн чанар, сэтгэл хөдлөлийг,  монгол хүний цөс, зориг зүрхийг олж харсан. Яагаад ч юм бэ, Маршлын дүрийг бүтээхэд Танд хэцүү байсан байх гэж боддог. Тэгээд баримтат киноны бүр  бол илүү өндөр шаардлага, шахалт, хариуцлага үүрч таарна?

-Энэ бол бас л улиг болгоод ярихаас өөр аргагүй зүйл л дээ. Хувь зохиол юм уу, эсвэл уран бүтээлч хүний аз тохиол юм уу, бүү мэд. Маршалтай холбогдож байгаа учраас хоёр асуудлыг жаахан тодруулахаас өөр аргагүй. Нэгдүгээрт нь, төрийн энэ том зүтгэлтнүүдийн үг хэл нь их ойлгомжтой товч тодорхой байдаг юм шиг байгаа юм. Үүнийг ойлгохгүй их удаан явсан хүн л дээ, би.  Үүнийг нэлээд сүүлд л ойлгож байгаа юм. Миний хамгийн анхны дэлгэцийн бүтээл Удвал гуайн зохиол “Намрын халуун өдрүүд” гэдэг кино шүү дээ. Баахан л хурал хийдэг тухай кино. С.Удвал гуай ерөөсөө зураг авах үеэр  хоёр л удаа ирсэн. “Ард” кино театрт нээлтээ хийхэд нь ахиад нэг ирсэн. Уран бүтээлчдээ танилцуулж, киногоо үзчихээд  буцаад кино үйлдвэрт байдаг алдаа оноогоо ярьдаг, болсон бүтсэнээ ярьдаг, жаргалаа эдэлдэг өрөөндөө ирэхэд Удвал гуай хамт ирээд хүн болгонд юм хэлж байна. Даруухан хэрнээ их л сүртэй, биширмээр, айдас хүрэм хүн байсан.  Тэр үед би дөнгөж 30 гарч явсан залуу, халуун ч байж, “Надад юу хэлэх бол. Бараг л магтах байх даа” гээд бодоод сууж байтал ч над руу хараад “За, би ч маршлаа олжээ гэж бодож байна” гэж хэлчихээд яваад өглөө. Надад бол нэлээд хэдэн өгүүлбэрээр магтуулах л сонирхол байсан шиг байгаа юм. Тэгээгүй болохоор нь жаахан гоморхсон байдалтай, яагаав нөгөө “Тэмцэл” билүү “Өглөө” кинон дээр ”Хмм... үхсэн өнгөрөөд явчихлаа шүү дээ, энэ чинь” гэж хэлдэг нэг онгироо хүний дүр байдаг даа. Яг л тэрэн шиг тэгээд өнгөрсөн. Түүнээс хойш би нэлээд хэдэн кинонд барагцаалбал 8-9 кинонд маршлын дүрээр орсон байна. Тэр үедээ л тийм том хүн надад “Би маршалаа олжээ гэж бодож байна” гэдэг маш том магтаал хэлснийг   манан толгойлсон би гэж хүн юу ч ойлгоогүй өнгөрсөн байгаа юм. Хоёрдугаарт, кино урлаг ямар хүчтэй юм бэ гэдгийг би энэ дүрээр ойлгодог юм. Маршал Чойбалсан бол Монголын өнөөгийн тусгаар тогтнолыг олж өгсөн хүн шүү дээ. Тэгтэл түүхийн хар бараан үеэр буюу саяхныг хүртэл энэ хүний тухай  “...хэлмэгдүүлэгч, алан хядагч” гэж ярьж ирлээ. Гэтэл би гэдэг хүн хэд хэдэн удаа энэ хүний дүрд тоглож, Ардын хувьсгалын тухай, тусгаар тогтнолын тухай их бага хэмжээгээр хэлээд өгөхөөр өнөөгийн энэ цагийн хүмүүсийн хувьд бол их нааштай сэтгэгдэл үлддэг болчихсон байна. Гуравдугаарт, надад тохиолддог хүндрэл гэх юм уу даа,  Өнөболдын эсвэл Балданцэрэнгийн дүрийг цааш ургуулаад бүтээж болж байна. Гэтэл маршлын дүрийг тэгж болдоггүй. Яагаад гэвэл хүмүүс тэр хүний талаар мэддэг учраас. Жишээ нь, аяга яаж барих вэ, тамхиа аль гартаа барьж татах вэ гэдгээс эхлээд тэр хүний зан заншил, хэв маягийг дураараа өөрчилж болохгүй мөртлөө дандаа бүх юмыг хуулаад байж бас болохгүй. Азтай сайхан тохиолдол нь дийлэнх боловч уран бүтээлч хүний хувьд хүндрэлтэй асуудлууд бас байсан. 

-Та ер нь маршлыг судалж байх үедээ өрөвдөж байв уу?

-Өрөвдөхөөр барах уу. Тэр үед өвөр түрий дээр нь өсөж төрсөн хүмүүсийн үгийг сонсоход хүртэл хэцүү байдаг юм билээ. Зарим нэг киноны кадр дээр ч гардаг л даа. Ю. Цэдэнбал даргад дадлага суулгаж, хүмүүжүүлж, сургаж байх үедээ ярьж байсан яриа байдаг юм. Нөгөө дагаар орохтой холбоотой л юм байна лээ л дээ. “Уг нь би насны эцэст таван ямаатай, нутгийнхаа жалганд хэд хоноё гэж бодсон чинь энэ хүмүүс тэгүүлэхгүй юм шиг байна” гэж.   Ж. Мөнхбат гишүүний киноны зохиол  “Ер нь бол миний амьдралд баяр баясгалантай үе их бага. Ихэвчлэн цус, нулимс, уйтгар гунигийг би илүү их эдэллээ” гэж гардаг. Зохиолч бол энийг хураангуйлсан л байх. Гэхдээ миний хувьд бол тэр хүн үнэхээр тэгж л бодож байсан байх гэж боддог. Тухайн цаг үедээ хараагдаж байсан ч гэсэн дараа үеийн хүмүүс нь ойлгож аваад, дурсаж байгаа нь сайхан юм даа. 

-Энэ бол мэдээж сайн зохиолчдын маань буян, тэрнээс гадна хүмүүсийн сэтгэлд хоногштол бүтээж чадсан Таны гавьяа байх. 

-Буурал Содном гэж алдаршсан найруулагчиийн найруулсан кинонд хоёр дахь удаагийн маршлын дүрээ бүтээсэн. “Сүүдэрт жилийн зурвас” гэж тэр дотоодын хамгаалахын офицерүүдийн өөрсдийнх нь хэлмэгдсэн тухай хар, цагаан киног 80-аад оны эхээр хийсэн юм. Дүйнхэржав гуай киноны зөвлөх байсан. Дүйнхэржав гуай намайг хувцаслаад яамны нэг өрөөнд оруулаад тэнд байсан энгийн хувцастай 7-8 хүнд “Манай маршал ийм л хүн байна даа. Та нар нэг шинж” гэж хэлсэн. Тэгтэл ийш тийш алхуулж,  энэ тэндээс харж сонжсоноо “Ерөнхий төрх төстэй юм. Өө хэлсэн хүнд бол үл ялиг өндөр байна” гэж хэлж байсан. Бас зарим нь “Энэ хүний нүүр арай цэвэрхэн байна. Бусад нь төстэй” гэж ч хэлж  л байсан. Гэхдээ би өөрийгөө харахаар нэг их тийм төстэй харагддаггүй юм.

-Огт дүр бүтээгээгүй, олны танил болоогүй Дашпэлжээ ямархуу залуу байв?

-Би чинь хөдөө өссөн, хөдөөний хүн.  За тэгээд олны  жишгээр 18 нас хүрээд Дотоодын хамгаалахын тусгай 05 дугаар хороонд  гурван жил цэргийн алба хаасан. Цэргийн албыг дажгүй сайн тодорхойлолттой хаасан хүмүүсийг   хөдөө орон нутгийн албан тушаалд томилдог байсан. Тэр дагуу би Өлзийт сумандаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга хийж байсан. Тэрнийг ярих болсон шалтгаан нь гэвэл тэр үеийн залуучуудын эвлэлийн дарга гэдэг бол бүх залуучуудаа аваад  мал ноосолно, хашаа хороо барина, худаг гаргана, тамирчдаа спортын арга хэмжээнд авч явна, уран бүтээлчдээ урлаг соёлын ажил хийлгэнэ гээд олон ажил хийдэг байсан юм. Тэгж явж байгаад өөрөө нийслэлд нэг дууны уралдаанд ороод эрэгтэй хоолойнд нь түрүүлээд,  дараа нь Болгарын сургуульд явж таван жил сурснаар хөдөөгийн хүүхэд сонгодог урлагт хөл тавьсан юм. Тэртээ 1977 оноос өдий хүртэл улс орныхоо сонгодог урлагийн төлөө явж байна даа. Надад бол энэ сонгодог урлагийн төлөө ажилласан 40 гаруй жил маш сайхан байдаг. Их азтай хүн байгаа биз. Хөдөө мал дээр байсан хүүхэд улс орноосоо томилолт аваад Европт очиж, суралцаад дуурийн дуулаач болоод энэ сайхан тайзан дээр тэр өрнийн сонгодог бүтээлүүдийг амилуулж байна гэдэг бол миний хувьд маш азтай тохиол. Би өөрөө бас муу ч зүтгээгүй юм шиг байгаа юм. 1996 онд МУГЖ гэж том алдар цолыг, 2014 онд МУАЖ гэж мундаг том алдар цолыг хүртээсэн нь  намайг сайн л зүтгэж дээ гэж хүртээсэн алдар цол байх гэж боддог юм. Үүн дээр зайлшгүй дурдах нэг зүйл бий. Энэ нь миний хөдөлмөрөөс илүү миний дээд үеийн ахмадуудын маань надад зааж сургасан үнэт өвийн ач тус, өгөөж, буян.   Одоо миний хувьд нэгдүгээрт СУИС-д багшилж байгаагаараа их бахархаж явдаг. Би чинь 1996-2001 он хүртэл театрын дарга хийсэн. Удаан хийгээгүй ээ, дуучнаа хийе гээд өөрөө ажлаа өгсөн. Тэгэнгүүт Хайдав, Пүрэвдорж багш нар намайг дуудаж байна. СУИС дээр яваад очсон чинь манай ахмад багш нар бүгд суучихсан “за, Дашпэлжээ хүү минь чи театрын даргын ажлыг муугүй хийсэн, баяр хүргэе чамд. Гэхдээ одоо чи наашаа ир, нэгдүгээрт багш хий, хоёрдугаарт дуулаачийн танхимыг ав” гээд юу ч мэдэхгүй манан толгойлсон надад дуулаачийн танхимын эрхлэгчийн албыг өгсөн. Тэгээд 2001 оноос хойш бараг 20 жил багшлаад явж байна.  

-Нутаг нуга гээд ярьсных Дундговь аймаг дуу хуртай нутаг. Та аймгаасаа Монголын урлагт Дашпэлжээ дайны нэг хүн гаргахын тулд юу хийв ээ? 

-Ер нь бол нэг тийм зөвтгөж ч болдоггүй буруутгаж ч болдоггүй зүйл бол нутгархах гэдэг үзэл . Гэхдээ хүн бүрийн оюун санаанд нутаг ус байнга л хадаатай явдаг. Тэр утгаараа бас надад бас бодол байна аа, байна.  Дундговьд авьяастнууд, тэр тусмаа уртын дуучид олон байна. Өнгөрсөн жил Их газрын чулуунд их сайхан наадам боллоо. Би өөрөө оролцсон.  Хөдөө хээрийн сайхан байгальд 3000 морин хуурч, уртын дуучин оролцсон тоглолт, түүнийг үзэхээр очсон 5000 гаруй хүний энергитэй нийлээд тэр сайхан газар цугларахаар үнэхээр гайхамшигтай юм билээ. Ер нь бол монголын дуучид ардынх дээрээ ч тэр сонгодог дээрээ ч тэр хүчирхэгжиж байна шүү. 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе. 

 

М.ДАВААДУЛАМ