АРДЧИЛСАН НАМЫГ ХЭН ДАРГАЛАХ ВЭ

Улс төр

Сонгуульд ялагдсан Ардчилсан намын дарга хэн болох вэ. Энэ асуулт маш олон хүний анхаарлыг татаж, түүгээр ч зогсохгүй, нойргүй хонуулж байгаа нь тодорхой. Нээрээ, ингэхэд Ардчилсан намын дарга хэн болох бол??? 

Эдүгээ тус намын даргын үүрэг гүйцэтгэж байгаа тугалыг нь турааж, эхийг нь эцээдэггүй дэндүү гэмээр мөлгөр Ц.Тувааны хувьд энэ том суудал руу зүтгэх эрч нь  суларч, бодол нь харьсан нь ойлгомжтой болсон. Мөн намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа П.Нүрзэдийн хувьд санаа байвч, сачий хүрэхгүй нь тодорхой. Багагүй том зүйлийг тархиндаа, цээжиндээ багтааж, холыг харж, богино зайн уралдаанд хүч сорьж зүтгэсэн Д.Пүрэвдаваа бүүр ч сураггүй. 

Мэдээж залуу хүний хувьд намын даргын суудлыг бодоогүй биш бодож, зүүдлээгүй биш зүүдэлсэн учир тэрбээр 14 хоногийн дотор арчаад өгнө дөө гэсэн бодолтой орон нутгийн сонгуульд нэгдүгээр хүний дэмжлэгтэйгээр Нийслэлийн намын дарга болж зүтгэсэн боловч бодол нь өөрт нь үлдэж, санаа нь тэнгэрт хальснаар чимээгүйхэн уяагаа эвхэж суугаа харагдах... Энэ бүхний дуулианыг дарж эрхэмсэг орж ирж буй нэгэн бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл. Үнэндээ ороо бусгаа энэ цаг дор Ц.Оюунгэрэл энэ намыг өнгөлж орж ирэхээс гадна эцгийн эрхт ёстой энэ улсад шинэ содон имиж бүрдүүлж, дэмжигчдийн масс өндөр байх магадлал байж ч мэдэх... 

Ирж буй намрын өдрүүдэд 30 жилийн босгоо наргиангүйхэн давж байгаа Ардчилсан нам Их хурлын сонгуульд сураггүй тасарч миарсан ч орон нутгийн сонгуульд  аймаг, дүүрэгт ижил тоогоор түвшин тогтоосон  наадмын сунгаа ирэх өдрүүдэд үргэлжилж, ардаа ноёдтой багачууд даргын суудал зүүдэлж, нойргүй хонож, номын ах нараа бараадах аяны зам нь өлзийтэй байх болтугай хэмээхийн зуур ингэхэд Ардчилсан намын дарга ХЭН байх юм болоо???

С.Баяр