Хилээр орж ирсэн хятад иргэн өндөр халуурсан учраас буцаажээ

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Налайх, Дарханы замын бүтээн байгуулалтад нэн яаралтай ажиллуулах Хятадын 74 инженер, техникийн ажилтнуудыг өчигдөр /2020.10.21/ зохих журмын дагуу хяналт шалтгалт хийж хилээр нэвтрүүлжээ. Нийт 100 хүн хил нэвтрэхээс нэг иргэн автобусанд 37 хэм хүрч, өндөр халуурсан тул түүнтэй ойр байсан 26 хүнийг нутаг буцааж, үлдсэн  74-ийг  нь хилээр нэвтрүүлсэн аж.  Хил нэвтэрсэн 74 иргэнийг 21 хоногийн хугацаанд тусгаарлах юм. Хил хааснаас хойш өнгөрсөн хугацаанд Хятадаас 1000 орчим инженер, техникийн ажилтан орж ирсэн байна.

Мөн Хятадын зарим мэдээллийн сайтад өчигдөр “аравдугаар сарын 14-ний өдөр "МИАТ" компанийн Хөх хот руу хийсэн OM223 дугаартай нислэгээр ирсэн таван хүнээс коронавирус илэрсэн” гэх мэдээлэл гарчээ. Харин Эрүүл мэндийн яамнаас “Москвагаас Хөх хот руу дамжин нислэг үйлдсэнийг хүмүүс буруу ойлгоод байна. Тухайн онгоц Монголд түлш цэнэглээд хөөрсөн. Манай улс Бээжин рүү нислэг үйлдээгүй” гэсэн хариулт өглөө.