Макс Жонсон: Биднийг залилсан монгол компани нөхөн олговор өгөх ёстой

Нийгэм, Эдийн засаг

Хэвлэл мэдээллээр “Засаг Чандмань Майнз” компани хөрөнгө оруулагчдаа 70 сая ам.доллараар хохироож, улмаар захирал Д.Буянтогтох нь оргон зайлсан гэх мэдээлэл яваад байсан билээ. Тодруулбал, тус компанийн хамгийн том хохирогч нь 31 сая ам.долларын нэхэмжлэл үүсгээд буй гадны “GRF” хөрөнгө оруулалтын сан юм. “GRF”-ийг Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон төлөөлж буй бөгөөд тэрээр Eguur.mn сайтад саяхан ярилцлага өгчээ.

Тэрбээр “Бидэнд тохиолдсон энэ бэрхшээл өөр хөрөнгө оруулагчдад битгий тохиолдоосой. Мөн гадны хөрөнгө оруулагчдад Монголын бизнесмэнүүд бүгд хулхи, авлига хээл хахуульд баригдсан гэж битгий бодоосой гэсэн үүднээс эдгээр зүйлсийг ярьж байгаа юм шүү. “GRF” нь анх 2015 онд Д.Буянтогтохын эзэмшлийн “Засаг Чандмань Майнз” компанид 19 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Одоогоор “GRF” зээлдэгчээс нэг ч долларын хүүгийн буцаан төлөлт аваагүй. Тэр ч байтугай үндсэн зээлээ ч төлөөгүй байгаа. Товчхондоо, бид бүх мөнгөө залилуулсан. Бид энэ хэргээр Монголын хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан бөгөөд үнэн бодитоор нь тогтооно гэдэгт найдаж, хүлээж байлаа. Яг үнэнийг хэлэхэд бид Монголын хууль хяналтын байгууллагуудад сэтгэл дундуур байгаа. Өнгөрсөн жил буюу 2019 оны тавдугаар сард миний бие гомдол гаргаж, залилуулсан асуудлаар мэдүүлэг өгсөн. Гэтэл өнөөг хүртэл Монголын Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэргийг маш удаашралтай шалгаж байна. Албаар удаан шалгаж байгаа юу, эсвэл үнэхээр удаан процесстэй байдаг эсэхэд бид эргэлзэж байна. Мөн Д.Буянтогтох хилийн хоригтой байхдаа шүүгчээр хориогоо цуцлуулж, тэр өдөртөө оргон зайлсан нь биднийг Монголын хууль хяналтын байгууллагуудад сэтгэл дундуур байхад хүргэж байна.

Тэр одоо болтол Монголын хилээс гадуур орогнож, хэргийн мөрдөн шалгалтын явцыг удаашруулж, хойшлуулсаар байна. Энэ нь бидэнд маш таагүй байна. Түүнийг залилан, луйвар болон мөнгө угаах хэргээр Интерполын улаан жагсаалтаар эрэн сурвалжилж байгаа шүү дээ. Мөн Монголд баривчлах тушаал гарсан юм билээ. Гэвч тэр зугтаасаар байгаа. Бид мэдээж түүний хаана байгааг мэдэхгүй. Монголд буцан ирж, хэргээ шалгуулж, Монголын хууль хяналтын байгууллагын ажлыг нь хийлгээсэй гэж хүсч байна. Үүнээс гадна бидний хөрөнгө оруулсан мөнгө хаана зарцуулагдсаныг мэдэхгүй байна. “GRF”-ийн баг Монголд очиж уурхайд үзлэг хийхээр нэг бус удаа очиход зээлийн мөнгийг төсөлд зарцуулаагүй нь маш тодорхой байсан. Уурхай 2015 онд хөрөнгө оруулалт авахдаа ямар байсан, яг тэр чигээрээ л байсан. Бидний 19 сая ам.доллар болон бусад хөрөнгө оруулагчдын мөнгөөр бодит уурхайн хөгжил дэвшилд зарцуулсан өөр ямар ч нотлох зүйл алга.

Ер нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэргийн шалгалтын явцаас харахад “Засаг Чандмань Майнз”-тай хамтарч ажилласан компаниуд нь хамаарал бүхий, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Тэдгээр хамаарал бүхий компаниуд руу мөнгө шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй төдийгүй байгууллагын ёс зүйгүй үйлдлүүд юм. Аудитын тайлангаар энэ нь нотлогдсон. Гэхдээ бид хийж чадах бүхий л зүйлээрээ хөрөнгө оруулалтаа буцаан олгохыг зорьж байгаа. Энэ нэг талдаа залилан болон мөнгө угаах гэмт хэрэг юм. Мөн Монголын “Хөгжлийн банк”, “Нобель Ресурс” болон дотоодын нэг банк нийлж зээлийн гэрээ хийсэн сүлжээний асуудал байгаа. Компанийн хөрөнгийг битүүмжлээгүй байхад бид Д.Буянтогтохтой эвээр асуудлуудаа шийдэх гэж оролдсон боловч, чадаагүй. Монгол Улсын хуулийн дагуу компанийн бүх хөрөнгө битүүмжлэгдсэний дараа Д.Буянтогтох болон бусад хөрөнгө оруулагчдаас “GRF”-ийн зээлийг худалдаж авах санал тавьсан. Бид энэ хэлэлцүүлэгт Д.Буянтогтохтой оролцохоос татгалзсан.

Шуудхан хэлэхэд, бид өөрсдийн аюулгүй байдалдаа санаа зовсон. Өмнө нь асуудлыг эвээр шийдэх гэж Улаанбаатар хотод очиж Д.Буянтогтохоос асуулт асуухад тэр маш таагүйгээр хүлээж авсан. Бид заналхийлсэн нөхцөл байдалд орсон учир өөрсдөө асуудлыг шийдэж чадахгүйгээ мэдсэн хэрэг. Тийм учраас бид Их Британийн Элчин сайдын яам руу хандах болсон. Монгол дахь Английн иргэний эрх ашгийг хамгаалах газар шүү дээ. Мөн Монголын хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яамнаас туслалцаа хүснэ. Монголын хууль шүүхийн байгууллагууд шударгаар хандана гэдэгт итгэлтэй байна. Бидний гол зорилго бол ердөө л Монголд хүлээсэн алдагдлаа нөхөн олох, нөхөн төлбөр авахыг хүсч байна. Гэхдээ би Монголыг ганцхан жишээгээр төлөөлж муухайгаар бодохгүй байна. Гэвч хэн мөнгөө алдахыг хүсэх билээ. Бид шударга шийдлийг л хүсч байна” гэсэн байна.