Хэнд ч анзаарагддаггүй халуун ус

Нийгэм, Эдийн засаг

Хүмүүсийн хамгийн хэрэг­цээ­тэй атлаа хайнга ханддаг зүйл бол Халуун усны газар гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Ялангуяа гэр хорооллынхоны амин сүнс болох халуун усны газар өнөөдөр ямархуу түвшинд ажиллаж, иргэддээ үйлчилдэг юм бол. Үүнийг хайхардаг, сонирхдог нь цөөн шигээ Халуун усны газраар үйлчлүүлдэг хүмүүс маш олон. Ажлын өдрүүдэд сэлүүхэн, амралтын өдөр 24 цаг ажиллаад ч ачааллаа үл дийлэх шахдаг энэ салбар нэг талаараа бизнес болж, нөгөө талаараа хариуцлага алдвал маш том асуудал дагуулах ч магадлалтай. 

Учир нь энд нялх балчираас эхлээд өтгөс хөгшид хүртэл бүхий л насныхан бүрэн нүцгэлж, үйлчилгээ авдаг цор ганц байгууллага. Тиймээс халуун усны газрын стандарт, тус үйлчилгээг явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн хувьд цэвэрлэгээг нэгдүгээрт тавих ёстой ч яг үнэндээ тийм ч сайн биш. Ялангуяа хүн амын төвлөрөл ихтэй, захын хороодод байрлах халуун усны газрууд бол дарааллаад хүмүүс орчихдог учир хальтхан усаар шүршсэн болоод л ар араас нь “цувуулчихна”. Үнэндээ үйлчилгээ тэг заасан ч иргэдэд өөр бо­ломж байхгүй учир чимээ­гүй­хэн үйлчлүүлсээр дарх­­лаа суулгачихсан цор ганц биз­нес болон хөгжсөн халуун усны газрууд. 

Ганцхан жишээ, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 6213 өрхтэй, 1800 гаруй хүн амтай, 13 гудамж, 12 хэсэгтэй,  нэг хэсэгт нь 180-200 айл амьдардаг. Хотын төвийн бүсд харьяалагддаг хэдий ч цэцэрлэг, сургууль байхгүй. Хөгжил тааруухан хороодын баргар төрх энд бүрэн бий. Хорооны нутагт ундны усны таван худагтайгаас  нэг нь ухаалаг буюу картаар үйлчилж 24 цагаар ажилладаг.

Харин халуун усны газар нь  өдөр бүр 09-22 цаг ажиллана. Нэг хүн 30 минут, хоёр хүн 45 минутад амжиж усанд орох ёстой. Бусад хороодыг бодвол харьцангуй байрлал сайтай, тэр бүү хэл ахуйн үйлчилгээний чиглэлээр зөвшөөрөл авсан, тоосгон байшингийнхаа зүүн буланд, бусдад харагдахуй газар “Соёл 3” төв гэсэн хаягтай.  2011 оны дөрвөн сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн, нэг удаадаа найман хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай энэ халуун усны газар одоо хүртэл  төвийн шугамтай холбогдоогүй учир зориулалтын ус хадгалах таван тонны даац бүхий сантай аж. Амралтын өдрүүдэд ачаалал хамгийн ихтэй нь хорооны хэмжээний ганц халуун устайнх гэх.  

Б.Бат