Г.Аюурзана: "Хэвтрийн хүн”-тэй төстэй роман эхлүүлнэ

Соёл урлаг, Спорт

Улаанбаатар олон улсын XII кино наадам өчигдөр /2020.10.19/ “Тэнгис” кино театрын дэлгэцнээ “Хэвтрийн хүн” киногоор хөшгөө нээлээ. Зохиолч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” бэсрэг роман нь 2002 онд бичигдэж, багагүй шуугиан дэгдээж байсан. Түүний адармаатай бэсрэг роман энэ удаа хэрхэн дэлгэцийн бүтээл болж, үзэгчдийн оюуны цангааг тайлах бол гэхээс тэсч ядна. Найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” киног үзэхийн өмнө хүндтэй зочдын нэг яруу найрагч, зохиолч Г.Аюурзанатай цөөн хором яриа өрнүүлж амжив.


-“Хэвтрийн хүн” бэсрэг роман дэлгэцийн бүтээл болж, анхны үзэгчдэдээ хүрэх гэж байна. С.Бямба найруулагч хэлэхдээ “Зохиолч өөрөө үзээд маш сэтгэл хангалуун үлдсэн” гэж байсан?

Өнөөдөр Монголд киног ямар түвшинд хийж байгааг сайн мэдэхгүй. Учир нь би Монгол кино үздэггүй. Тийм учраас ойлголт тун муу байна. Найруулагч С.Бямба ахын хийж буй киноны хэл нь миний хэв маягтай нэлээд ойролцоо, хүнийхээ хувьд ч гэсэн зан араншин, амьдралд хандах хандлага, харах өнцөг их ойр юм шиг санагддаг. Өмнө нь тэрбээр “Алсын удирдлага”, “Мөнхийн хөдөлгүүр”, “Хүсэл шунал” зэрэг киног илүү мэргэжлийн, дээд түвшинд хийсэн гэж үнэлж явдаг юм. Тиймээс ч С.Бямба ахыг “Хэвтрийн хүн” зохиолыг барьж аваад кино хийе гэхэд нь анхнаасаа баяртай байсан. Ер нь дэмий юм болчих вий гэх эргэлзээ огтхон ч төрөөгүй. Миний хувьд С.Бямба ахыг сайн мэдэх учраас хэзээ ч муу кино болохгүй гэдэгт зуун хувь итгэлтэй байсан.

“Хэвтрийн хүн”-ийг эхний удаад цөөн хүний хүрээнд дэлгэцнээ гаргахад нь үзсэн. Тэгээд киногоо үзээд дуусахад цэнхэр тэнгэр гарч, нэг л тийм гоё онцгой зүйл болоод өнгөрч байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Киноны тухайд урьдчилаад тийм ийм гэж ярих нь дэмий биз. Ер нь бол надад маш их таалагдсан.

-Өмнө нь “Хэвтрийн хүн” романаар кино хийх нууцхан хүсэл байсан уу?

-Байгаагүй. Ер нь тэр тухай огт бодож явсангүй. Анхнаасаа кино болбол яах вэ гэж бодож ч бичээгүй. Найруулагч С.Бямба кино хийнэ гэхэд нь “Кино болоо ч үү, үгүй ч үү. Кино болтол хаа ч байсан юм бэ” гэж бодож байснаас үнэхээр кино болох боломжтой зохиол гэж бодож үзээгүй.

 

-Үзэгчдэд зохиолч Г.Аюурзанын анхны сэтгэгдэл, мэдрэмж их сонин байх болов уу?          

-Анх “Хэвтрийн хүн” киног үзэхэд “За байз. Аль хэсгийг нь өөрчилж, ямар болсон бол. Дүрүүд маань дэлгэцэнд ямархуу харагдаж байгаа бол” гэж өөрийн эрхгүй бодсон. Мэдээж миний төсөөлсөн дүрийг бодит хүн гаргана шүү дээ. Тэр өөр хүн маань миний бичсэнтэй хэр олон зүйлтэй нийлж, зөрж байна вэ гэдгийг их анзаарч хардаг юм билээ. Тийм болохоор одоо л үзэгчийн нүдээр үзэх гэж байна даа.

-Зохиолч, найруулагч хоёрын зөрчилдөж буй хэсэг бий юу?

-Учиргүй зөрчилдсөн зүйл байхгүй. Төгсгөлийг С.Бямба найруулагч өөрчилсөн. Зохиол дээрээ гол дүр маань байшингийн дээвэр дээрээс үсэрчихдэг шүү дээ. Харин киноны төгсгөлд тэр хүн орчноо сольж, алс хол яваад, аав нь улс төрд нэр дэвшүүлдэг. Төгсгөл нэлээд ондоо бас сонирхолтой санагдсан.

-Уншигчиддаа дуулгах өөр гоё, шинэ мэдээ байна уу?

-Миний “Өчигдөр уулзъя” (Бүрлээчийн монолог) шинэ роман хэвлэлтээс гараад удаагүй байгаа. Нэг сар ч болоогүй байна. “Сахиуст хангайн нууц” номны үргэлжлэл. Үндсэндээ би өвөө, эмээтэйгээ холбоотой Пүрэв гүн гэдэг хүний тухай хоёр роман бичсэн гэсэн үг. Хэдийгээр өөр хүний монолог хэлбэрээр явж байгаа боловч Пүрэв гүн гээд “Сахиуст хангайн нууц” романд гардаг дүр байгаа.

 Би Пүрэв гүний тухай хоёр роман бичиж, өвөг дээдсийнхээ нутгийн тухай бодож явдаг бүхнээ дүрээр дамжуулан илэрхийлэх гэж оролдсон гэсэн үг. Би одоо нэлээд өөр магадгүй анх зохиол бичиж эхэлж байсан үе шигээ “Хэвтрийн хүн” романтай төстэй романыг эхлүүлэх гэж байгаа. Энэ өвөлдөө бичиж дуусах болов уу.

-Таны сүүлд гаргасан номын хавтсыг охиных нь бүтээл чимсэн гэж сонссон?

-Ер нь номын хавтас их ярвигтай. “Номын хавтас хийгээд өгөөч” гээд хүн гуйгаад явах чинь бас төвөгтэй ажил. Яахав охин маань зураач болох гэж байгаа учраас сүүлийн үед би дандаа охиноороо номын хавтсаа хийлгэж байгаа.

-БНХАУ-ын ӨМӨЗО-нд бага сургуулийн нэгдүгээр ангиас хятад хэлийг заах болсон нь Өвөр Монголд ч, Монголд ч маргаан мэтгэлцээн дагуулсан. Энэ асуудал Монголыг дайрах вий гэсэн болгоомжлол бий. Та үүнд ямар байр суурьтай явдаг бол?

-Энэ асуудал Монголыг дайрах вий гэж болгоомжлох утгагүй л дээ. Ямар ч байсан Монгол Улс туурга тусгаар улс. Хятадын бодлого яаж ч явж байлаа гэсэн Монголд үйлчлэх хэмжээний биш. Тийм болохоор Монголыг дайрах вий гэж болгоомжлох зүйлгүй. Гэхдээ бид  нэг шившигтэй байдалд орчихоод байгаа. Тэр нь юу вэ гэхээр “Өвөрмонголчуудын монгол хэл соёл нь ийм байна” гээд хүчтэй ярих гэхээр өөрсдөө монгол бичгээ хэрэглэдэггүй. Тийм учраас хятадууд “Та нар өөрсдөө монгол бичгээ хэрэглэж, авч явах чинь яасан юм” гээд л хэлэхэд бид амаа таглуулна. Хойшдоо монгол бичгийг хэдэн онд гээд л хойшлуулахаа болиод өнөө маргаашгүй л монгол бичгийг сэргээх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.

Хүн болгон монгол бичиг  хэрэглэж, төрийн албан бичиг бүгдийг нь монгол бичиг болгох хэрэгтэй. Дээр үед монгол бичгийг гэрээр сар хүрэхгүй хугацаанд заачихдаг байсан шүү дээ. Тэгэхээр монгол бичгээ сэргээхэд гурав, таван жилийн дараа хөтөлбөр гаргаж, төлөвлөгөөг нь хойшлуулаад байх ямар ч шаардлагагүй. Гурав, дөрвөн сарын дотор яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл бид өөрсдөө монгол хэл, бичигтээ яаж хандаж байгаа нь илүү тодорхой болно. Миний бодлоор хамгийн түрүүнд Үндсэн хуулийг өөрчилмөөр байна. Үндсэн хуулийн нэгдүгээр заалт биш ч “Монгол Улс бол Монгол үндэстний өмнө хүлээх маш том хариуцлагатай” гэдгийг тодотгож өгмөөр санагддаг.

-Илүү тодорхой тайлбарлаж өгөөч?

-Яагаад цэвэр еврей хүмүүс, Казахстан улс үндэстэн гэдгээ улсынхаа хамгийн том бодлого болгож байхад Монгол Улс болдоггүй юм бэ. Тийм байж болохгүй. Монгол шиг хуваагдсан үндэстэн дэлхий дээр маш цөөхөн. Бусад Курд, Палистинаас давуу тал нь өөрийн тусгаар улстай байж хуваагдмал байдлаа анзаарч, харахгүй  байгаа нь харалган санагддаг.

Энэ бол Хятадтай үзэлцэх тухай яриа биш. Үндэстэн өөрийгөө авч үлдэх тухай яриа. Бид үндэстэн байх уу, үгүй юу гэдэг нь биднээс шууд хамаарна. Үндэстэн байх эсэхийг Үндсэн хуульд тусгаж, Буриад, Өвөрмонгол, Халимаг угсаатан өөрийгөө монгол угсаатан гэдгээ баталж чадвал Монглын иргэн болох нь боломжтой нээлттэй болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид арчигдана.

Зөв бичгийн дүрмийн талаар эрдэмтэд их маргадаг. Сүүлдээ зарим нэг эгшгүүдийг ч монгол хэлний үгийн сангаас хасах санал гаргасан. Монгол хэлний дархлаа гэж байна уу. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Монгол хэлний дүрэм ойр ойрхон өөрчлөгдөж, хүмүүс “Бид нар дунд сургуульд байхдаа өөрөөр бичиж байсан. Одоо ийм болчихлоо” гэж ярьдаг. Кирилл үсгийн дүрэм өөрөө маапаантай. Крилл үсэг монгол хэлэнд бүрэн нутагшиж чадаагүй, нутагших ч боломжгүй юм байна. Тийм болохоор дүрмийн бус байдлаар бичдэг хүмүүс олон болсон. Жишээлбэл, академич Д.Төмөртогоо гуай гээгдэх эгшгийн дүрмийг үл харгалзан эгшиг гээхгүйгээр бичдэг. Ингээд бодохоор яваандаа хэлний зүй тогтлын тухай яриа хөндөгдөх тусах кирилл үсэг тэр болгонд гажуудна. Бидэнд монгол хэлний өөрийнх нь язгуур бүтцийг хадгалсан монгол бичиг бэлэн байсаар байтал буцаад орчихвол ямар ч асуудалгүй.

Мэдээж кирилл үсгээр юм бичиж, унших нь бидний үеийнхэнд илүү амархан. Гэхдээ амархан учраас байлгаад байх хэрэггүй. Бид илүү өндөр хариуцлагатай байхгүй бол болохгүй. Еврейчүүд хэрэглэхээ болиод 2000-3000 жил болсон хэлээ сэргээсэн ард түмэн. Тэд өнөөдөр хамаагүй өндөр технологитой амьдарч байна. Монгол Улс том үндэстнүүдийн дунд хавчигдсан учраас өөрийн гэсэн оюун санааны ололтуудыг товойлгож байхгүй бол эвгүй шүү. Тэгэхгүй хоёр том хөршийнхөө нэгнийх нь бичгийг хэрэглэдэг, нөгөө хөрш дотор нь биднээс олон тоотой цөөнх амьдардаг тэднийг нь дээрэлхдэг байдалтай тусгаар улс байгаа нь маш ичгэвтэр зүйл.