Зөв зуршлыг бий болгоцгооё

Бусад

Аливаа үйлдлийг хэрхэн зуршил болгох вэ?

1. Өөртөө зорилго тавь

Аливаа зуршлыг үр дүнтэй уялдуулж, хүрэх цэгээ тодорхойлбол дундаас нь буцах магадлал багасна. Жишээ нь зуршил нь эрүүл хооллох бол үр дүн нь тэдэн хил хасах.

2. Багаас эхэл

Огцом том зорилт тавих нь урам хугарах юмаа хийж байгаа л гэсэн үг — аль болох шат дараалалтай, бодит зорилт тавиад тэрийгээ бага багаар ахиулаад явсан нь дээр. Өдөр болгон гадуур хооллож байснаа гэнэт би өдөр бүр гэртээ хоолоо бэлдэнэ гэвэл эхэндээ эрчтэй байхдаа зүгээр ч аажимдаа гэнэт хаях магадлал илүү.

3. “Яагаад?” дээр төвлөр

Зуршил гэдэг нь үйлдлийн давтамж ч гэсэн гол хүчин зүйл нь сэтгэл зүйн дасгал болон өөрчлөлт учраас “яагаад” гэдгээ сайн тодорхойлж өөртөө сануулах хэрэгтэй. Жишээ нь эрүүл хооллох нь зүгээр л “хийхэд зүгээр зүйл” гэхээсээ илүү биеийн жин, арьс, энерги зэрэгт эергээр нөлөөлж илүү эрч хүчтэй, урт наслуулахад ч хүргэнэ.

4. Алгассан ч битгий хая

Хэсэг тууштай явж байгаад дунд нь алгасаад, алгассандаа болоод хэмнэл алдагдаад тэр чигт нь хаях тохиолдол их гардаг. Гол нь хэчнээн алгассан ч дахин эхлүүлээд үргэлжлүүлэхэд л нэг мэдэхэд л тогтсон зуршил болно.

5. Тууштай, тэвчээртэй бай

“Ром нэг өдөр баригдаагүй” (Rome wasn’t built in a day) гэдэг үг байдаг. Аливаа чанартай зүйлд цаг хугацаа ордог. Өөрийгөө бодохоор би зөндөө л зүйлийг оройтсон байх, одоо ч худлаа даа гээд хаяж байсан эсвэл огт эхлүүлэхгүй орхисон байдаг.

Эргээд харахад тухайн үед эхлүүлээд явж байсан бол одоо бүр мундаг болчихсон байгаа даа гэж харамсдаг. Тийм учраас юуг ч оройтсон, хэцүү, чадахгүй гэж хаялгүй тууштай байвал үр дүн гарах нь цаг хугацааны асуудал.

6. Зорилгыг нь сануулах хүнтэй бол

Хичээл дээр багш, ажил дээр дарга, гэрт аав ээж гэх мэт биднийг чиглүүлж шаардлага тавьдаг хүмүүс байдаг учраас үр дүнтэй байж чаддаг. Тэгвэл хувийн зорилтуудаа биелүүлэхэд шаардлага тавьж, эсвэл хамтдаа хийх хүн байвал бас илүү үр дүнтэй байх.

Жишээ нь дасгал хийж эхэлмээр байвал найзтайгаа хамт хийдэг бол — тэгвэл намайг нэг хүн хүлээж байгаа гэсэн мэдрэмж нь зулгаагаад таслахгүй дээ.

7. Өөрийгөө шагна

Сайн зуршил өөртөө хэвшүүлэх нь өдөр бүр анхаарал шаардах ч үр өгөөж нь илүү урт хугацаанд мэдрэгддэг учраас урам хугарах тохиолдол гарч болно. Тийм учраас явцдаа өөрийгөө шагнаж урамшуулбал зүгээр.

Аливаа үйлдлийг дунджаар 2 сарын турш давтаж байж тогтсон зуршил болдог гэсэн судалгаа байдаг. 2 сар тухайн үедээ урт санагдсан ч, том дүр зургийг харвал 2 сар бол юу ч биш шүү дээ. Тэгэхээр өөрийн амьдралын хэв маягт ямар “зайлшгүй зөв зуршил” хэрэгтэй гэдгээ тодорхойлж одооноос хэвшүүлээрэй.

Одоо эхэлбэл 2021 он гарахад аль хэдийн шинэ зуршилтай болчихсон байх боломжтой юм байна шүү!

“Бодлоо хяна, учир нь бодол чинь үг болдог; үгээ хяна, учир нь үг чинь үйлдэл болдог; үйлдлээ хяна, учир нь үйлдэл чинь зуршил болдог; зуршлаа хяна, учир нь зуршил чинь араншин болдог; араншингаа хяна, учир нь араншин хувь заяа чинь болдог.”