Э.Амартүвшингийн хамтрагч коронавирусийн халдвар авчээ

Соёл урлаг, Спорт

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй хамтран дуулаач гол дүрийн тенор Францеско Мели коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр Италийн Милан хотын алдарт "Ла Скала" театрын тайзнаа өнөөдөр /2020.10.19/ орой Ж.Вердийн “Аида” дуурийн хаалтын тоглолттой байсан юм. Тиймээс Э.Амартүвшин хамтрагчаа сольж, Францеско Мелигийн оронд алдарт тенор Йонас Кауфман дуулахаар болсон байна.

Дуурьт тоглож буй бусад дуучдаас өчигдөр шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэнэ.

Э.Амартүвшин нь  анх удаа дэлхийн тэргүүн зэргийн тайзнаа Ж.Вердийн “Аида” дуурийн Этиопын хаан Амонасрогийн дүрийг бүтээж байгаа билээ. Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа тэрбээр эх орондоо найман сар амарсан гэнэ. Түүний 2020, 2021 оны тоглолтын төлөвлөгөө дэлхий дахинаа тархаад буй цар тахлын улмаас цуцлагдсан ч эхнээсээ уран бүтээлийн урилга хүлээн аваад байгаа аж. Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшины тоглох "Аида" дуурь алдарт "Ла Скала" театрын тайзнаа аравдугаар сарын 6-19-ний өдрүүдэд эгшиглэнэ.