Монгол улсын харцага О.Хангай намрын нээлтийн барилдаанд түрүүлэв

Бусад

АПУ ХК-ийн нэрэмжит “Богдхан хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт намрын нээлтийн барилдаан өчигдөр/2020.10.18/ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Улсын гарьд Ө.Бат-Орших, шинэхэн улсын заан М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай найм даван түрүүлсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэжээ. Харин их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын заан М.Бадарч, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий нар дунд шөвөгт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр нар тус тус тунажээ.

Нийслэлийн өдөрт зориулсан Улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан ирэх аравдугаар сарын 29-нд 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.