Орон нутгийн сонгуулиар АН улс төрийн хүчтэй өрсөлдөгч хэвээр шүү гэдгийг сануулав

Улс төр

“Орондоо орох завгүй олзолдон тэмцэлдсэн” Орон нутгийн сонгууль өндөрлөлөө. Эрх баригч намынхан удаа дараагийн үнэмлэхүй ялалтдаа эрдэж, толгойдоо бөөгнөрч суусан учраас “Зарлаагүй дайн”-д орсон мэт сандралдав. Энэ хэрээр зарим аймагт хөлгүй болж, Монгол Улсыг бүхэлд нь бүсэлж байсан эрх мэдлээ хэсэгчлэн тасдуулав. Харин АН санамсаргүйгээр түүхэн амжилтад хүрлээ. Их ялагдлын дараах том гэрэл гэгээ гэгч л энэ байв. Гуравдагчдын зүгээс төдийлөн хүч түрж чадсангүй. Манай нөхцөлд тэдний орон зай төдийлөн томрохгүй учраас хэмжээндээ л өрсөлдсөн гэхэд болно. Харин МАХН ч биш, ШИНЭН ч биш, ХҮН хэмээх бүлэглэл улс төрийн гуравдагчдын орон зайд бууриа зассанаа зарлаад авлаа. Хэтдээ гуравдагчдын орон зайд амь залгуулах бүлэглэл ХҮН болж таарав. Тэгэхээр бид өдгөө ч дуу нь алсраагүй байгаа сонгуулийн алдаа оноог шүүн тунгаахыг зорилоо.

Орон нутгийн сонгууль АН гэж нэг улс төрийн хүчин байгаа шүү гэдгийг сануулав. Ямартай ч ард түмэн ардчилал гэдэг үгийг мартаагүй, АН хэмээх бүлэглэл ой санамжид байгааг харуулан, тус намд нийгмийн салхи эргэж байгааг харууллаа. Тодотгож хэлбэл, айсуй 2024 оны УИХ-ын сонгуулийн ялалтын суурийг тавьж чадсан. Гэхдээ энэ нь шууд ялалт гэж байгаа хэрэг биш. Гагцхүү АН суурин дээрээ чухам юу босгохоос шалтгаална. Тэдэнд том алдаа байдаг. Ялалтын чимээ сонссон даруйд өөрсдөөсөө өөрийг харахаа больдог. Түмний итгэлийг дэвсэлж, төрийн албыг самардаг. Ёстой л хоттой хонинд орсон өлсгөлөн чоно шиг сэгэлж өгдөг зантай. Үүнээсээ болж, дараа дараагийн сонгуульд ялагддаг олон жишээ бий. Уг нь хашрахаараа л нэг болсон учраас анхаарах биз ээ. Энэ тал дээр анхаарч ажиллахад айсуй 2024 оны сонгуулиар үнэмлэхүй том ялалт биш юм гэхэд цэнхэр туг хатгах магадлал өндөр боллоо. Хүн амын тал нь оршдог нийслэлд ялагдал хүлээсэн нь эргэж буй салхийг сөрөх нэг том шалтгаан болох ч зөв чиглүүлэх цаг хугацаа байна.

Монгол Улсыг бүхэлд нь ноёрхож байсан МАН бүслүүрээ тасдуулав. Одоо тасарсан хэсгээр нь залгахаар богинохон бүслүүртэй болно гэсэн үг. Өнгөрөгч хоёр удаагийн үнэмлэхүй ялалт тэдний нүдийг боосон тал бий. Өөрөөр хэлбэл төв аппаратдаа ялалтын хундага тулгаж, бялуу хувааж байснаас тэд зах зайдуу орон нутагт төдийлөн найр тавиагүй хэрэг. Том том төсөл хөтөлбөрөөр шошго нааж, шударга ёс, хариуцлага гэх үгсээр лоозогнож, олны толгой дээгүүр явсныхаа горыг багагүй амсав. АН-аас өөр нам бол ирэх дөрвөн жил сайн ажиллахад ялалт байгуулсан найман аймагт ялах нь бүү хэл МАН-аас нэр дэвшигч очихын ч хэрэггүй мэт. Ерөөсөө ялалтын өрмийг толгойд суугаа нөхөд хүртэж, хусмыг нь дунд, бага шатанд булаалдаж, үүнээс үүдсэн зодоон нь ямагт ялагдалд хүргэж ирсэн түүхтэй. Гуравдугаарт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Манай намаас мандат авч чадаагүй гишүүд гурав, дөрвөөрөө нэр дэвшиж, намынхаа саналыг хуваасан. Тодотговол, Увс, Хөвсгөл, Говь-Алтай зэрэг аймгуудад ийм тохиолдол гарсан. Энэ нь аймгийн нам дотооддоо эв нэгдлээ хангаж ажиллаж чадаагүйг харуулсан юм” хэмээсэн. Увсад Б.Чойжилсүрэнгийн нөхдүүд, Хөвсгөлд Ц.Даваасүрэнгийн нөхдүүд гээд МАН-ын саналыг хангалттай хуваасан. Урваж шарваж байдаг Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нар ийнхүү өршөөж боломгүй гэмт хэрэгтэн болов. Одоо эрх баригчид илүү анхааралтай ажиллахгүй бол айсуй 2024 онд ямар төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт тэвэрч очоод хохирол амсаж мэдэхээр харагдана. Зөв мэдэрч ажиллахгүй бол маш том сануулга өглөө. Ерөнхийлөгчийн сонгуульд хаанаас хэнийг дэвшүүлэхээс хамааран, ерөнхий зураг ч гарчихаж байна.