Н.Батсуурь аваргын уран нүүдэл

Нийгэм, Эдийн засаг

Намрын нээлтийн барилдаан өчигдөр/2020.10.18/ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж, улс, аймгийн цолтой 256 бөх зодоглолоо. Сонирхолтой нь, энэхүү барилдаанд зодоглоно гэж байсан Э.Оюунболд аварга барилдсангүй. Бөх сонирхогчдын дунд Э.Оюунболдыг аварга цолтойгоо сүүлийн барилдаандаа оролцоно гэж ярьж байсан боловч тийм зүйл болсонгүй дээ.

Учир нь өнөөдөр Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд барилдах эрх нь сэргэсэн Э.Оюунболдыг аварга цолтойгоо үлдэх эсэхийг шийдэх гэж байна.

Хэрвээ түүнийг допинг хэрэглэсэн нь үнэн гэж үзвэл түүний даваа бүрийг хүчингүйд тооцож, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг нь нөхөн олгох, Э.Оюунболдод олгосон Монгол улсын аварга цолыг нь хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барина. Харин шүүхийн шийдвэрийг үндэслэн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргавал улсын начин Н.Мустафа чимэг,  улсын начин Б.Цэдэнсодном Монгол улсын харцага, улсын харцага Д.Анар Монгол улсын заан, улсын арслан Ц.Содномдорж үлэмж бадрах чимэг, улсын аварга Н.Батсуурь Монгол улсын Даян аварга цолны эзэн тус тус болно.

Эндээс нэг зүйл сонирхолтой харагдаж байгаа нь энэ жилийн наадмын үзүүр бөх, допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон Монгол улсын аварга Н.Батсуурь Даян аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болно. Саяхан л хэвлэлийн бага хурал зарлаж, допингийн төрлийн бодис шинжилгээнээс нь илэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлалт гуйсан Н.Батсуурийн энэхүү үйлдлийг бөхийн хүрээнийхэн дунд олон янзаар яригдаж эхэлжээ.

Үнэндээ түүнийг жудагтай гэдгээ харуулж, Б сорьцын шинжилгээ өгөлгүйгээр алдаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан гэж харж байгаа хэсэг бий. Үнэхээр л сүүлийн гурван төрийн наадам дараалан үзүүр түрүү булаалдана гэдэг ховор тохиох "амжилт". Ядаж байхад илэрсэн гэх допингийн төрлийн бодис нь “very low” буюу маш бага тунгаар илэрсэн гээд түүнийг өмөөрөх хүмүүс олон байна.

Харин эсрэгээрээ түүний энэхүү үйлдлийг өөрөөр харах хүмүүс бас бий. Нэгэнт л Э.Оюунболдыг сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүхээс үзсэн учир аварга цолоо алдах нь ердөө цаг хугацааны асуудал. Тиймээс Н.Батсуурь энэ жилийн наадмын түрүүг хүртэж, Даян аварга бололгүй П.Бүрэнтөгсөд аварга болох боломж олгож, өөрөө Э.Оюунболдын хэргээс Дархан аварга цолоо нөхөн авна гэж "тооцолсон" тухай нөгөө яриа бөх сонирхогчдын дунд өрнөж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Н.Батсуурь аварга нэг сумаар хоёр туулай буудаж, нутагтаа аварга цолтон нэгээр нэмж, өөрөө Даян аварга болох гэсэн уран нүүдлийг хийсэн гэнэ.

Ирэх жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой болно. Н.Батсуурь аварга өөрөө ч “Хүүхэд байхаасаа л түүхт 100 жилийн ойгоор барилдахыг хүсч байлаа. Ид үе дээрээ ийм асуудалд орсондоо харамсч байна. Миний цэвэр хариуцлагагүй байдлаас боллоо” хэмээн харамсан ярьж байсан. Хэзээний бөхийн ундарга сайтай, мөн түүхт ойн түрүү алдаж үзээгүй гэх Увс нутгийн бөхчүүд дунд 100 жилийн ойгоор түрүүлэх бөх бишгүй бий.