Сэлбэ дэд төв: 35/10 квт-ын дэд станц ашиглалтад орлоо

Нийгэм, Эдийн засаг

Дэлхийд өнөөдөр Улаанбаатар шиг 1.5 сая гаруй хүн амтай 400 гаруй хот бий бөгөөд тэдгээрийг метрополис хот хэмээн нэрлэдэг. Харамсалтай нь Улаанбаатар маань өсөлтөөрөө тэдгээр мега хотын төвшинд хүрсэн ч хөгжлөөрөө хол хоцорч яваа. Дан ганц Сүхбаатарын талбайгаа тойрсон төвлөрөл үүсч, агаар, хөрсний бохирдол, ундны усны нөөцийн хомстолд орж байгаа энэ хотыг хэрхэн өөрчлөх вэ, тулгамдсан олон асуудлаа яаж шийдвэрлэх вэ гэдэг асуулт эрх баригчдын төдийгүй энэ хотод амьдардаг хүн бүрийн “шүдний өвчин” болж хувираад удаж байгаа нь нууц биш. Гэхдээ Улаанбаатар хот баялаг үйлдвэрлэгч хот.

Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2019 онд 37 280.8 тэрбум төгрөгт хүрч, үүнээс 24 683.7 тэрбум төгрөг буюу 64.5 хувийг Улаанбаатарчууд бүрдүүлж байна. Нийслэл хотод нийт 45 орчим мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн нь улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа нэгжийн 64 хувьтай тэнцэж байна. Жилдээ 50 гаруй мянган иргэн шинээр мэндэлж, 30 орчим мянган шилжин ирэгсэд Улаанбаатар хотыг зорьж ирдэг. Тиймээс энэ хотыг хөгжүүлэх, өргөжүүлэх шинэ төлөвлөгөө гаргах, гацаа, түгжээгээ арилгах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр.  /Эх сурвалж: www.ubstat.mn ; www.1212.mn /

Үүнийг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байна. Гэр хороолол дахь инженерийн хувьсгал гэж нэрлэгдээд байгаа энэхүү төсөл гурван үе шаттайгаар  хэрэгжих бөгөөд нийт 9 жилийн хугацаанд зургаан дэд төвийг бий болох суурь барилга байгууламж байгуулан, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх юм.

Уг төсөл нь “Монгол Улс зах зээлд шилжсэн цагаас хойш Улаанбаатар хотод хийгдэж байгаа хамгийн том бүтээн байгуулалт” гээд хэлчхэд нэг их хилсдэхгүй. Учир нь  гэр хорооллын 6 бүсэд хөрөнгө оруулалт хийж, газар чөлөөлөн цэцэрлэг, шилэн кабел, авто зам, гүүр, үерийн далан хамгааллын суваг, спорт цогцолбор, Бизнес инкубатор төвүүд барьж, цахилгаан, дулаан, цэвэр ус, ариутгах татуурга гээд дэд бүтцийн ажлуудыг гэр хороололд цогцоор шийднэ.

Гэр хороололд нэн тулгамдаад байгаа Асуудлуудыг цогцоор шийдэж нийт Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахаар хэрэгжиж байгаа уг төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд төлөвлөгдсөн цахилгаан хангамжын ажлуудыг бүрэн хийж дуусган ашиглалтад хүлээлгэн өглөө.

Төслийн цахилгааны инженер Б.Анхбаяраас тодруулга авлаа.

Сэлбэ дэд төвд хийгдэж байгаа цахилгаан хангамжийн ажлуудын талаар товч танилцуулаач?

-Төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд Сэлбэ болон Баянхошуу дэд төвд 2*16 Мега ВА хүчин чадалтай 35/10 кило вольтын дэд станцын барилга угсралтын ажлуудыг бүрэн хийж дуусгаад байна. Өнөөдөр Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан 35/10 кило вольтын дэд станцын барилгыг хүлээлгэн өглөө.

Сэлбэ дэд төвд 35/10 кило вольтын станц ашиглалтад орсноор ямар үр дүн гарах вэ?

-35/10 кило вольтын шинэ дэд станц ашиглалтад орсноор төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд барьж байгаа дулааны станц, 14 ус дулаан хуваарилах төвүүд, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн цахилгаан хангамжийг холбохоор төлөвлөн ажиллаж байна.

Сэлбэ дэд төвийн хүрээнд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд нь ирээдүйд дэд төвийн хүн амын өсөлт одоо байгаагаас 3 дахин нэмэгдэж орон сууцжихад тэдгээр барилга байгууламжыг дэд бүтцээр хангах хүчин чадалтайгаар гүйцэтгэж байна. Энэ хүрээнд Сэлбэ дэд төвд барьсан 35/10 кило вольтын дэд станц нь Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14, 16, 17-р хорооны нийт 20 мянга гаруй иргэд, 208 мянга м2 талбай бүхий барилга байгууламжуудыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах бүрэн боломжтой юм.