Хятад Дундад азийн улсуудыг эрхэн худалдан авч байна вэ

Дэлхийн мэдээ

Сүүлийн өдрүүдэд Киргизэд болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн улс орноо хөрш Хятадаас хэт хараат болж байгааг онцолж байна. Ийм ч болохоор энд болж байгаа эмх замбараагүй байдал, дээрэм тонуулын гол хохирогчид нь хятадын бизнес болж байгаа юм. Зургаан сая хүн амтай энэ улс оронд ажиллаж байгаа 400 компани нь ямар нэг байдлаар Хятадтай холбоотой гэнэ. Харин Орос улс зөвхөн Киргиз төдийгүй Дундад Азийн бусад улсуудад ч нөлөөллөө алдаж эхэлж байна гэж шинжээч тэмдэглэжээ. 

Аравдугаар сарын 5-нд болсон сонгуулийн дараа эхэлсэн эмх замбараагүй байдлын улмаас Киргиз улс алт олборлох байгууллагуудаа өнөө болтол сэргээж чадахгүй л байна. Алтны “Жеруй” уурхайгаас гэхэд л эсэргүүцэгчид олборлосон алтыг нь төдийгүй, машин тоног төхөөрөмжийг нь авч одсон гэж “Газета.Ru” хэвлэлд бичжээ. 

Алтны “Бозымчак” уурхай бас ажлаа зогсоосон бол Кара-кече уурхайгаас 500 мянган сомыг хулгайлж авсан байна. Энэчлэн алт, цагаан алт, нүүрс олборлодог уурхайнууд мөн ингэж хэлмэгджээ. “2005-2010 онуудад бүхий л зүйл хятадын мэдэлд орсноос нийслэл хотод гэхэд л Хятадын томоохон Гоин худалдааны төвийг хоёр ч удаа шатааж байжээ.   Солтон-Сарыд алт олборлодог Хятадын Zhong Ji Mining компанийн ажилчдын эсрэг хэд хэдэн удаа  зодоон  гарч  байлээ. 

Бүхий л интеграцчилал нууцхан

Киргизүүд, Хятадуудын хоо­рон­дох сөргөлдөөнийг ойл­го­хын тулд өнгөрсөн жил Солтон-Сарын орд газарт бол­сон томоохон зодооны түү­хийг эргэн санах ёстой. Тэгэхэд хятад, киргиз хүмүүс харил­цан чулуугаар шидэлцэж 39 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүр­гэгдэж байлаа. Алт олборлох үеэр Хятадуудын хийж байгаа дэлбэрлтийн улмаас нутгийн иргэдийн хонь үхэж байна гэж Киргизүүд бухимдсан,  Хятадууд ч нутгийн иргэдэд хонийг нь нөхөн төлдөг гэнэ. 

Энэ жилийн эсэргүүцлийн хөдөлгөөн хувьсгалт үйл явц ч мөн л Киргиз улс Хятадаас хэт хараат болж байгаатай холбоотой. Өнөөдөр Киргизэд Оросын, Туркийн, өмнөд Солонгосын компани тун цөөхөн. 

Өмнөх 2008 онд Хятадад төлөх Киргизийн өр 10 сая ам.доллар болж 12 жилийн хугацаанд 170 дахин өссөн гэж Хөндлөнгийн шинжээчийн Альпари төвийн удирдагч Наталъя Мильчакова тооцож гаргажээ. 

Хөрш Тажикстанд ч ялгаагүй Хятадад төлөх өр нэмэгдсээр байна. 2019 оны байдлаар Тажикстан улсын Хятадад төлөх өр 2,9 тэрбум болсон нь нийт гадаад өрийнх нь бараг 60 хувь болж байна. Харин Киргизийн хувьд Хятадад төлөх өр нь нийт гадаад өрийнх нь 26 хувь байгаа юм. 

Казахстаны Хятадад төлөх өр мөн л 11 тэрбум ам.доллар. Гэхдээ нэг талаас харвал тийм ч аймшигтай биш, яагаад гэвэл энэ нь нийт гадаад өрийнх нь 10 хувь гэж Мильчакова бичжээ. 

Киргиз, Тажикстан улс төсвийн дутагдалд орчихсон болохоор хөгжлийн төлөөх мөнгө хаанаас олох нь тодорхойгүй байна гэж “Валдай” клубын шинжээч, шилжилтийн эдийн засагтай орнуудын улс төр, эдийн засгийн судалгааны төвийн профессор Станислав Ткаченко хэлж байна. 

“Тажикстан оросоос зээл хүссэн ч бид татгалзсан. Киргиз Евроазийн холбооны тогтвортой байдлын сангаас мөнгө авсан, гэхдээ энэ нь хятадын зээлийн дэргэд юу ч биш” гэж Ткаченко бичжээ. 

“Таныг тэмцээнд шатар тоглох гэж байхад өрсөлдөгч чинь бейсболын цохиураар балбавал хэн ялах вэ. Мэдээж хамгийн багаар бодоход оросоос арав дахин хүчирхэг Хятад ялна. Санхүүчид ингэж л харж байна” гэж Ткаченко онцолж байгаа юм. 

Төв Ази дахь хуучин Зөвлөлтийн Бүгд Найрамдах улс байсан орнуудад нөлөөллөө тогтоох гэж Орос өнөөдөр Хятадтай өрсөлдөж байна. Хуучин Зөвлөлтийн орон зайд нөлөөллөө хуваах талаар Орос, Хятад албан бус яриа тохироотой гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Энэ нь “Хятад улс энэ орнуудын улс төрд оролцохгүй, зүгээр л барьж байгуулж, бизнесээ хөгжүүлж, зээл өгч, ашигт малтмалыг нь олборлоно, харин Орос геополитик, аюулгүй байдлыг нь хянана, цэргийн бааз, сансрын нисэх буудал байгаа” гэж Ткаченко хэлж байна. 

Дундад Ази дахь Хятадын оролцоо нь Шинэ Торгоны зам төслөөр бодит зүйл болж байгаа юм гэж “УК Спутник-Управление капиталом”-ын ерөнхий захирал Александр Лосев тэмдэглэжээ. 

“Энэ гурван улс бол Дорноос Өрнө рүү буюу Хятадаас Европ, Ойрхи Дорнод, Умраас  Өмнөд болох Энэтхэг Пакистан руу тээвэр логистикийн хяналт тогтоох гол бүс. Энд л Хятад геополитик, эдийн засгийн гол байр эзлэх гээд байгааг гайхах юмгүй” гэж Лосев хэлж байгаа юм. 

Харин Орост хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудад эдийн засгийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хүч байхгүй. “Дундад Азийн орнуудтай эдийн засгийн амжилттай интеграцчилал хийхийн тулд Орост энэ орнуудад тавих санал хэрэгтэй, тэр нь байхгүй. Оросын рубль 2020 оны эхнээс дэлхийн хамгийн муу валютын нэг болоод байгаа” гэж Лосев хэлээд Москва Евроазийн эдийн засгийн холбоонд хүчээ алдаж байгаа гэжээ. 

“Хятад Төв Азийн орнуудад нэг номерийн зээлдүүлэгч болохоор тэнд голлох нөлөөтэй орон. Энэ бол нэгэн цагт Их Британи, барууны бусад орнууд Хятадтай харьцаж байсантай яг адил” гэж Мильчакова хэлж байна. “Үнэт металл, байгалийн бусад ашигт малтмал олборлож байгаа Хятадын бизнесийн ашиг бүгд Киргиз, Тажикстанд үлдэж, бас төсөвт татвар төлж, хятадууд, нутгийн иргэдэд ажлын байр бий болгож байгаа гэх мэтээр хятадын бодлого хуучин зөвлөлтийн энэ орнуудад зөөлөн байдлаар хэрэгжиж байна. Хятад энэ орнуудад эдийн засгийн тогтвортой байдал хүсч байна. Тэдний хувьд хувьсгалын эсрэг байгаа юм” гэж Мильчакова онцолжээ. 

Шинжээч Александр Банников “Хятадууд Киргизэд зээл авч, баялгаараа эргэн төлж байна. Бүхий л төслийг хятадууд авч, тэндээ хятад ажилчдаа оруулан, тэд нь тэндээ үлдэж байна. Хятадууд чимээгүй хөдөлмөр эрхэлж, цагаачлан үлдэж, олборлосон алтныхаа хэрээр зах зээлийг эзэмдэж байна. Түүнийг нь киргизийн банк худалдан авна. Энэ бол колончлолын хамгийн боловсронгуй хувилбар” гэж Банников тайлбарлажээ. 

Х.ӨЛЗИЙ